УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд завсарлалаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, "Хууль хоорондын давхардал их гарч байна. Нэг асуудлыг хоёр хуульд өөр, өөрөөр заачихсан байдаг. Хууль давхарддаг программ байдаггүйгээс хууль зөрчилтэй гардаг. Үүнийг яаж тооцсон бэ" гэсэн асуудлыг тодруулсан юм. Үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "2008 онд давхардлыг арилгахаар болж, 70-аад хуулийг судалж зөрчлийг арилгасан. Одоо бол давхардал гайгүй болсон гэж үзэж байгаа" гэсэн хариулт өгөв. Өнөөдрийн хэлэлцэж буй энэхүү хуулийн гол агуулга нь хуулийг санаачлан боловсруулах, түүнд эрх зүйн магадлан шалгалт хийх, өргөн мэдүүлэх, баталсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх бүхий л харилцааг зохицуулахад чиглэгдсэн. Хуулийн төслийг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.