Хэдхэн цагийн өмнө Японы өмнөд хэсгийн жижиг арал дээр галт уул идэвхижиж эхэлсэн тухай “Japan today” сайт мэдээллээ. Кучиноберу арлын Шиндаке галт уул баасан гарагийн 10:00 цаг орчимд үнс, чулуугаа цацаж эхэлжээ.
Үүний улмаас эрх баригчид галт уулын ойролцоо оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Тосгоны дарга Нобуази Хаяашийн мэдээлснээр одоогоор 120 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар галт уулаас хар үүл, утаа их хэмжээгээр гарахаас гадна дуу чимээ нь хүнд сонсогдож байгаа аж. Мөн хүхэр ихээр үнэртэж байгаа юм байна.
Японы Цаг уурын агентлаг Кучиноберу арлын галт уулын аюулын түвшнийг 5 дахь түвшин хэмээн үнэлж түгшүүр зарлаад байна. Энэ нь дэлбэрэлт болох нь гарцаагүй бөгөөд маш аюултай гэснийг илтгэж байгаа хэрэг аж.
Шиндаке галт уул нь 1980 оноос хойш унтаа байж байгаад өнгөрсөн наймдугаар сард дэлбэрсэн ч ихээхэн хохирол учруулаагүй билээ.
Япон нь чичирхийллийн идэхитэй бүсэд байршдаг тул галт уул дэлбэрэх, газар хөдлөх үзэгдэл элбэг тохиолддог байна. Өнгөрсөн есдүгээр сард Японы төв нутагт орших Онтаке галт уул дэлбэрснээр 57 хүн амиа алдсан юм.
Г.Үжин