УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийгээд анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, -Ямар нэг намд харьяалагдаж ажиллахгүй гэж түрүүнд Ерөнхий прокурор хэллээ. Гэхдээ гэм буруугүй хүмүүсийг хохироохгүй. Хэрвээ гэм зэмгүй иргэнийг хохироосон бол тухайн ажилтанд хариуцлага тооцож ажиллаж чаддаг байна гээд хэлчихвэл зүйтэй байна. Энэ чиглэлээр хуулинд ямар заалт оруулсан бэ? Прокурор алдаа гаргасан бол төр хариуцна гэж заажээ. Хүн нь өөрөө хариуцлагаа хүлээдэг байх ёстой байх?
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, -“Гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэхгүй. Хэрэв хэлмэгдүүлсэн бол хариуцлага тооцно гэж Ө.Энхтүвшин гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Үүнийг тангарагтаа оруулья гэж бодож байна. Мэргэжлийн алдаа гаргасан бол тодорхой хэмжээгээр хувь хүнтэй хариуцлага тооцдог энэ жишгээрээ явна.”
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, -Ерөнхий прокурорын хэлсэн мэдэгдлийг нийт прокурор сонссон байх. Өнөөдөр бүх телевизээр гарах байх. АТГ, шүүх, цагдаа, прокурорын цалин яагаад ялгаатай байдаг юм бэ. Ялгаатай байх хууль зүйн үндэслэл юу вэ?
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, -“АТГ, шүүх, цагдаа, прокурорын зөвхөн цалин нь өөр биш, эрх зүйн статус нь хүртэл өөр байгаа. Нэг нь тэнгэрийн, нөгөө нь бор зүрхээрээ ажилладаг юм шиг туйлшрал яваад байгаа. Ийм бодлогын алдаа битгий гаргаасай гэж хүсч байна.”
УИХ-ын гишүүн Н.Энхболд, -2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын түвшингээсээ эхлээд хууль гэж юу юм бэ гэдэг ойлголт их тархсан. Ерөнхий сайд нь хүртэл ингэж хэлж байсан. Өнөөдөр хуульгүйгээр амьдарч болохгүй гэдгийг нийтээрээ ойлгосон байх. Өнөөгийн түвшинд хүмүүсийг гадагшаа явахыг хориглодог асуудлыг хэн шийдэж байгаа вэ, хууль баталснаар хэн шийдэх вэ?
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, -“Иргэдийг гадагшаа явахад хориг тавьдаг асуудал хавтгайрсан байсан. 2013 онд прокурорын байгууллагаас судалгаа хийсэн. Нийслэлийн Засаг дарга, хувь хүн хүртэл бусдыг гадагшаа явуулахгүй байх хүсэлт гаргасан байсан. Мөн шалгагдаад дууссан байхад хил хяналтын байгууллагад мэдэгдээгүйгээс иргэн хохирох явдал хүртэл гардаг байсан. Энэ асуудлыг цэгцлээд явж байна. Хуулийн төсөлдөө тусгасан" хэмээн хариулсан юм. Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)