Залуучуудын анхдугаар олимпийн алтан медальт Б.Батцэцэгт туслах аян өрнөсөөр байна. Тэгвэл аваргад зориулсан хандивын тоглолт зургадугаар сарын 14-нд "UB Palace"-д болох гэж байгаа тухай мэдээллээ.
Тэрбээр “Их спортдоо эргэн ирж, эх орныхоо нэрийг гаргахын төлөө бүх хүчээ тайчилна” хэмээн нулимс дуслуулан ард түмнээсээ эмчилгээний зардалд туслахыг хүсэв.
Б.Батцэцэгийн эмчилгээний төлбөрт зориулсан хандивын тоглолтын тасалбар зургадугаар сарын 1-нээс худалдаалах юм байна.
Б.Батцэцэгийн бэртлийг өвдөгний чагтан холбоос тасарсан хэмээн тодорхойлж байгаа. Түүний өвдөгний урд чагтан холбоос тасарсан тул 2012 онд мэс засал хийлгэж, хоёр төмөр хадаас хадуулсан байсныг УБ Сонгдо эмнэлгийн Ортопед, үе мөчний мэс заслын багийн эмч нар энэ сарын 21-нд амжилттай авсан. Ингэснээр дараагийн шатны оношлогоо, эмчилгээнд орох боломж бүрдэж байгаа аж. Энэхүү нарийн түвэгтэй мэс заслыг УБ Сонгдо эмнэлгийнхэн үнэ төлбөргүй хийж, залуу тамирчинд дэмжлэг үзүүлсэн юм.
Харин дараагийн шатанд шарх эдгэрч, хаван буусан хойно нь MRI оношлогоо хийлгэж дараагийн ээлжийн мэс засал хэрхэн, хаана хийхийг шийдэх юм байна. Урьдчилсан тооцоогоор түүний эмчилгээний зардалд 20 орчим сая төгрөг шаардлагатай аж.
Тиймээс Фэйсбүүкийн "ЧӨЛӨӨТ БӨХ" группийн санаачилсан Б.Батцэцэгт туслах аянд түүний амьдардаг Налайх дүүргийнхэн хэдийнэ нэгдсэн. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас “Дүүргийн иргэн бүр 500-1000 төгрөг хандивлах" санаачилга өрнүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Дашрамд дурдахад та бүхэн фэйсбүүкийн "Баавгай Батцэцэгт тусалцгаая" хуудсанд нэгдэн, холбоо барьж болох аж. Мөн Баатарзоригийн Батцэцэгийн “ХААН” банкны 5749529185 тоот дансанд хандив өргөх боломжтой юм байна.