Улс орон бүр Хүүхдийн баярыг өөр өөрийн онцлогтой тэмдэглэдэг байна. Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байна. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.
Харин Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тавь дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж улмаар энэ оныхоо 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна.
Япончууд үндэсний хүүхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг байна. Үндсэндээ тавдугаар сарын таванг хүүхдийн өдөр болгон тэмдэглэдэг аж. Харин гуравдугаар сарын гурваныг “Охидын өдөр”, тавдугаар сарын таваныг “Хөвгvvдийн өдөр”, арваннэгдүгээр сарын 15-нд “Сити-го-сан” буюу монголоор үгчилбэл “Долоо-Тав-Гурав” хэмээх баяр тэмдэглэдэг байна.
3, 5, 7-гын цифрүүд нь хүүхдийн насыг илтгэдэг бөгөөд энэ насыг эрс өөрчлөлтийн үе гэж vздэг гэнэ. Энэ жил гурав, таван нас хүрч буй хөвгvvд, мөн гурав, долоон нас хүрч байгаа охид арваннэгдүгээр сарын 15-нд “нэгдсэн төрсөн өдөр” тэмдэглэдэг ажээ. Баярын үндсэн хэсэг бол сүмд очих ёслолын ажиллагаа юм. Японд хүүхэд төрвөл гэрт сахиусан тэнгэр ирлээ хэмээдэг бөгөөд хүүхдийг долоон нас хүртэл хүүхэд биш, бурхны биет гэж үздэг гэнэ. Гуравдугаар сарын гурван бол Охидын өдөр. Энэ баярыг өмнө нь Хүүхэлдэйн өдөр ч гэж нэрлэдэг байжээ. Энэ өдөр айл өрх кимоногоор гоёсон хүүхэлдэйнүүдийг ил гаргаж засдаг. Үзэсгэлэн бүтэн сарын турш үргэлжилнэ. Хүүхэлдэйг маш үнэтэй материалаар хийх бөгөөд удам дамжиж, охидод шилждэг байна.
Тавдугаар сарын таванг өмнө нь Хөвгүүдийн өдөр болгон тэмдэглэдэг байжээ. Энэ өдөр бүх айл гэрийнхээ дээвэр дээр мөрөг загасны дүрстэй мод өлгөдөг байна. Мөрөг загасны тоо нь тухайн гэр бүлд байгаа хөвгүүдийн тооноос хамаарна. Харин хэмжээ нь тэдний наснаас шалтгаалж өөр өөр байдаг байна. Япончууд мөрөг загасыг эр зориг, тэсвэр тэвчээр, баатарлаг явдлын бэлгэ тэмдэг хэмээн үздэг юм байна.
1948 оны тавдугаар сарын тавнаас эхлэн энэ өдрийг Үндэсний хүүхдийн баяр болгон тэмдэглэхээр болсон ч япончууд урьдын адил хөвгүүдийн баяр болгон тэмдэглэсээр л байна. Баярын энэ өдөр цаасан могойн наадам зохион явуулдаг. Хөвгүүд, эрчүүд энэ өдөр агаарт цаасан могой хөөргөнө. Могойн дээр аймшигт сүнс дүрслэн хийсгэхдээ тэд ирээдүйд гай зовлон учрахгүй гэж итгэдэг гэнэ.
Аргентин улс хүүхдийн баяраа наймдугаар сарын гурав дахь ням гарагт тэмдэглэдэг гэнэ. Харин АНУ-д Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зургадугаар сарын хоёр дахь ням гарагт тэмдэглэдэх шийдвэрийг Иллинойс мужийн амбан захирагч Пат Куин гаргажээ. Аль ч улс оронд энэ өдрөөр ээж, аав нь хүүхдүүдээ бэлэг өгч, хүүхдүүдтэйгээ зугаалж, тоглоомын газруудаар дагуулж явахаас гадна хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан явуулдаг байна.
ОХУ-д хүүхдийн баярыг зургадугаар сарын 1-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг аж. Сургуулиуд дээр баярын арга хэмжээг зохион байгуулж, урлаг соёлын арга хэмжээ болдог байна. Хүүхдүүд үндэсний дуугаа дуулж, бүжгээ бүжиглэн хөгжилддөг.
Өмнөд Солонгост хүүхдийн баярыг 1923 оноос эхлэн тавдугаар сарын 5-нд тэмдэглэдэг болжээ. Гэхдээ эхний жилүүдэд энэ өдрийг хөвгүүдийн баяр гэдэг байжээ. Хүүхдүүдээ ээж, аав нь баярын өдрөөр гоёл чимэглэл үндэснийхээ хувцсаар гоёдог байна. Түүнчлэн ээж, аав нь хүүхэддээ хүссэн бэлгийг авч өгдөг аж.
Колумбид жил бүрийн долдугаар сарын 4-нд хүүхдийн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр хүүхдүүд янз бүрийн баг зүүх эсвэл алиалагч болж гудамжаар явдаг бол сургуулиуд хүүхдийн баярын хөгжилтэй арга хэмжээг зохион байгуулдаг байна.
Бразилид хүүхдийн баярыг наймдугаар сарын 15-нд тэмдэглэдэг. Энэ өдрөөр хүүхдүүдийг баярлуулахаас гадна Үндэсний халдварт өвчинтэй тэмцэх өдрийг зохион байгуулдаг уламжлалтай. Эмч нар хүүхдүүдийг үзэхээс гадна тав хүртэлх насны хүүхдэд вакцин хийдэг аж.
Шведэд хүүхдийн баярыг хөвгүүдийн, охидын гэж тусад нь тэмдэглэдэг гэнэ. Тухайлбал хөвгүүдийн баярыг наймдугаар сарын 7-нд, охидын баярыг арванхоёрдугаар сарын 13-нд хийдэг аж.
Наймдугаар сарын 7-ыг Лангустийн баяр ч гэж нэрлэдэг юм байна. Учир нь хөвгүүдийг Лангуст шиг зоригтой болохыг бэлэгдэж, хөвгүүд Лангустийн хувцсаар гоёдог аж. Охидын баярыг Люси охин тэнгэрийн баяр гэж нэрлэдэг гэнэ. Охид энэ өдөр хүүхдэд тусалдаг бяцхан сахиусан тэнгэрүүдийн дүрд хувирдаг байна.
Баруун Африкийн орнуудад хүүхдийн багт наадмыг бүтэн сарын турш тэмдэглэдэг аж. Африк тивийн ард түмэн дуулж бүжиглэх дуртай хүмүүс учир эл өдөр зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд хүртэл дуулан бүжиглэж хөгжилддөг байна. Амьдралын хүнд хэцүү нөхцөлд байгаа гэр бүлийн хүүхдүүд ч багт наадмыг баяр хөөртэйгээр өнгөрөөдөг.
Исламын шашинтай орнуудад хүүхдийн баяр гэж тусгайлан тэмдэглэдэггүй аж. Харин мацаг барих сарын 14 дэх өдрийг хүүхдүүдэд зориулж “Чихрийн баяр” гэдэг энэ өдрөөр хүүхдүүд амттан идэж баярладаг юм байна.
24tsag.mn