“Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган Олон улсын хүүхдийн Найрамдал төвд болж байна.
Хүүхдийн төлөө үндэсний газар нь Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд ирээдүйн манлайлагч, улс эх орны хөдөлгөгч хүч болсон хүүхдийн дуу хоолойг сонсч олон нийтэд хүргэх, манлайллыг дэмжих зорилгоор “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулганыг 2015 оны 05 дугаар сарын 30, 31, 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд ДЗМОУ-ын байгууллагатай хамтран Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулж байна.
Энэхүү үндэсний чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 500 хүүхэд оролцож байгаа бөгөөд 3 өдрийн туршид бие биетэйгээ танилцаж нөхөрлөн, “Хүүхдэд нээлттэй микрофон” хэлэлцүүлгээр Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агуулга бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо шийдвэр гаргагч, олон нийтэд хүргэх юм.
Чуулганы үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес, Дэлхийн зөн монгол Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Винсент Эдуардс нар оролцоно.
Г.Үжин