“Хөгжил-Ардчилал” ТББ-аас цуврал болгон явуулж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэгт Түүхийн ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатар оролцлоо. “Монголчууд яагаад түүхээ судлах ёстой вэ” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын нэн эртнээс эхлээд өнөөг хүртэлх түүхийн бүхий л цаг хугацааны талаарх мэдээллийг богинохон хугацаанд товч байдлаар хүргэсэн юм. Бид түүхээ мэддэггүй юм биш байгаа. Түүх гэхээр морь унасан баатраар төсөөлдөг юм биш биз гэдэг асуултыг тавих хэмжээнд хүрээд байна. Тэгвэл дэлхийн түүх бол Монголын түүх Яагаад гэвэл дэлхийг судлахын тулд Монголын түүхийг судалдаг гэдгийг түүхчид ярьдаг. Монгол улсын түүхэнд бидний хоёр хөрш үеийн үед холбогдсоор ирсэн. Бид хоёр том гүрний дунд энэ урт хугацаанд тусгаар улс гэгдэж оршин тогтносоор байгаа нь бид түүхээ авч үлдэж чадсанд байгаа юм. Монголчуудын эртний өвөг дэлхий дээр хамгийн анхны бичиг үсэгтэй, өндөр хөгжсөн соёлтой улс байсан гэдэг нь хүннү нарын эд өлгийн олдвороос харагддаг билээ. Түүнчлэн эртнээс дайнч улс гэдгээрээ алдаршсан Монголыг дэлхийд таниулсан Эзэн Чингис хааны үеийн түүх монголчуудын заавал мэдэх ёстой түүхийн нэг хэсэг гэдгийг энэ хэлэлцүүлгийн үед тодруулж байсан юм. Өөрөөр хэлбэл 13-р зууны үед Европын алдартай армийг буулгаж авсан гэдгээрээ дэлхийд нөлөөллөө тогтоож 15 жилийн дотор дэлхийн талыг эзэлсэн байдаг. Арвин их түүхтэй Монголчуудын түүх рүү дайрч, үгүйсгэж мартуулахыг оролдсон хэд хэдэн удаагийн томоохон санаархал ч Орос Хятадын явуулж байсан бодлогуудад нэвт шингэсэн тод жишээнүүдийг түүхэн үйл явдлаар дэлгэрэнгүйгээр жишээ болгон ярьсан юм. Хүннүгийн үеэс бидэнд өвлөгдөж ирсэн харайж буй арслангаар дүрслэгдсэн Монголын газар нутаг өдгөө гуравны нэг нь л газрын зурганд Монгол гэдгээрээ үлджээ. Энэ хоорондох түүх Инжиннашийн “Хөх судар” романд бичсэнчлэн бидэнд үлдсэн байдаг. Түүх гэдэг бол ард түмний найрал дуу юм. Тэгвэл энэ дуу нэгэн жигд, солгойрохгүй байж чадвал улс үндэсний тусгаар тогтнол бат суурьтай байх болно гэсэн өнцөг ч энэ хэлэлцүүлэгт яригдсан.