Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тус ажлын хэсэг өнөөдөр АН-ын бүлэгт мэдээлэл хийжээ.
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ажлын явц ямар шатандаа явж байна вэ?
-УИХ-ын даргын захирамжаар батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг дөрвөн сар гаруй хугацаанд ажилласныхаа үр дүнд бүлгүүдэд эхний ээлжийн саналаа танилцуулж байна. Манай ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд парламентад суудалтай бүх намын төлөөлөл орсон. Анхны үндсэн хууль батлалцсан долоон гишүүн орсон байгаа. Ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдаж, 30 гаруй асуудалд судалгаа хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг маш хариуцлагатай ажил учраас ултай суурьтай судалгаа хийсэн байх ёстой гэж үзэж байгаа.
-Ямар зүйл заалтуудад өөрчлөлт оруулах талаар яригдаж байна вэ?
-Дэлхийн 25 улсын Үндсэн хуульд судалгаа хийлээ. Үндсэн хуульнь тухайн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хэл соёлыг баталгаажуулахаас гадна төрийн байгууллагын уялдаа холбоог хангахад чиглэгдсэн байдгийг анхаарч үзлээ. Харамсалтай нь манай улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд маш олон Засгийн газрыг огцруулсан байна. Бусад орнууд төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь хоорондоо уялдаатай байж хөгждөг юм байна. Тухайлбал АНУ 200 гаруй жилийн түүхэнд 44 Ерөнхийлөгч сонгосон. Ингэхдээ ганц хүнийг л огцруулах талаар яригдсан. Тиймээс бид төр засгийн тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч байна. Мөн намаар талцаж байгаа байдал газар авч байна. Хүнийг чадвараар нь бус намын харъяа, хандив өгсөн байдлаар нь үнэлж байна. Үүнийг засах хэрэгтэй. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл намаар хуваагдаад байгаа нь буруу. Тэр тусмаа орон нутгийн сонгууль хийж, 3,000 хүнтэй газар танай, манай нам гээд байх нь зохимжгүй байна. Орон нутгийн сонгуульд нам оролцдогийг болиулж, сумын Засаг даргаа шууд сонгодог болъё гэсэн асуудал яригдаж байна. Үүгээр намаар талцдаг ажлыг хазгаарлах юм. Монгол Улс нүүдлийн болон суурьшмал соёл иргэншилтэй. Гэтэл Үндсэн хуульдаа хотын асуудлыг орхигдуулсан. Энэ нь Улаанбаатар хотод төвлөрөл бий болох үндсэн шалтгаан болсон. Тиймээс хотуудын статусыг сэргээх нь зөв. Ийм гурван чиглэлийн асуудлаар ярьж байна.
-Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд ямар тодорхой зохицуулалтыг хийх бол?
-Дэлхийн орнууд Ерөнхийлөгч болон хаант, парламентын засаглалтай байдаг. Манайхыг Ерөнхийлөгч болон парламентын хосолсон засаглалтай гэж үздэг. Тиймээс үүнийг өөрчилж Ерөнхийлөгчийн шууд сонгодогийг хязгаарлаад парламентаас сонгоно. Жинхэнэ парламетын засаглал руугаа орох буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг асуудлыг ярьж байна.
-Ерөнхий сайдын эрхийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Ерөнхий сайд солигдох бүрт байгууллагуудад нь өөрчлөлт ордог. Үүнийг хязгаарлах хэрэгтэй. Яамдын тоог багасгаж есөн яамтай болгож, шинэ Ерөнхий сайд гарч ирсэн ч Засгийн газрын бүтэц өөрчлөгддөг байдлыг хязгаарлаж төрийн албыг тогтвортой болгох юм. Намаар талцаж, элдэв асуудал үүсдгийг эрх зүйн хувьд хязгаарлах юм.
-“Давхар дээл”-ийн асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ?
-Өнгөрсөн хугацанаад бид байж болох бүх хувилбарыг туршиж үзсэн байна. Үүнээс харахад Засгийн газрын бүтцийг цомхотгоод гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх боломжтой гэж үзэж байна.
-Хуулийн төслийг хэзээ өргөн барих бол?
-Намын бүлгүүддээ танилцуулж, зөвшилцөж байж ойрын үед өргөн барина. Хуулиндаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө хийх ёстой гэж заасан. Тиймээс 2015 онд багтах ёстой. Хэтэрхий оройтвол улс төр болчихдог учраас ойрын хугацаанд өргөн барина.
Т.Хулан
Сэтгэгдэл (16)