Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгджээ.
Одоогийн байдлаар уг өвчнөөр 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин аж.
Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан хүн байжээ. Иймд Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд онцын шаардлагагүй бол Солонгос улсад зорчихгүй байх, гараа сайтар савандаж угаах, түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, биеийн эсэргүүцэл сайжруулж, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх, зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх зөвлөмжийг ЭМСЯ Шуурхай удирдлагын төвөөс өглөө.
Түүнчлэн халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруллаа.