Дэлхийн хөлбөмбөгийн холбооны толгой байгууллага ФИФА-гийн Ерөнхийлөгч Зепп Блаттер өчигдөр албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргасан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон ФИФА-гийн захирлуудын авлигын гэмт хэргийн дараах томоохон дуулианд тооцогдож байна.
Зепп Блаттер авлигын хэрэгт холбоогүй хэмээн мэдээлж, өнгөрсөн баасан гарагт дахин ФИФА-гийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд түүнийг Монгол Улсад 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ тэмцээн зохион байгуулах хууль бус амлалтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн хэмээн барууны хэвлэлүүд мэдээлсэн юм.
“Dailymail” тэргүүтэй сониныхон Монголд 2050 онд эрх олгоно гэх амлалтаар авлига авсан байж болзошгүй бөгөөд, нөгөө талынхан энэхүү мэдээллийг нэр хүндээ өсгөхөд ашигласан байж болох юм хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл энэхүү дуулианы маргааш нь Зепп Блаттер аваад дөрөвхөн хонож буй ФИФА-гийн Ерөнхийлөгчийн албан тушаалаа эргүүлэн өгөхөөр болжээ.
79 настай швейцарь эр ажлаа өгөх гэж буйгаа мэдээлээд, ФИФА-гийн хурлыг аль болох хурдан хийж ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг сонгоно хэмээн мэдээлээд байна.
“Dailymail” тэргүүтэй сониныхон Монголд 2050 онд эрх олгоно гэх амлалтаар авлига авсан байж болзошгүй бөгөөд, нөгөө талынхан энэхүү мэдээллийг нэр хүндээ өсгөхөд ашигласан байж болох юм хэмээн мэдээлж байсан.
Зепп Блаттер ажлаа өгч буй шалтгаанаа тайлбарлахдаа “Би олон жилийн турш холбоондоо үнэнч сэтгэлээр ажилласаар ирсэн. Гэвч холбооны улсуудын гүйцэтгэх хорооны төлөөлөгчид хяналтаас гарч байна. ФИФА одоог хүртэл хариуцлагатай ажилласаар ирсэн. Гэвч бидэнд угаасаа эхлэн бүтцийн шинэчлэл хийх шаардлага байна” хэмээн ярьжээ.
Харин хэвлэлүүд түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой 2011 онд баталсан хууль бус амлалт нь олон нийтэд хүрсний дараа Ерөнхийлөгчийн суудлаа өгөх хүсэлт гаргалаа гэлцэж байна.
Мөн түүнийг АНУ-д шалгаж эхэлсэн гэлцэж байна хэмээн “BBC” агентлаг бичжээ.
Зепп Блаттер, Ц.Элбэгдорж нар 2011 оны 1 сарын 26-нд уулзах үеэр. Зепп Блаттер 2050 онд Монгол Улсад ДАШТ-ийг зохион байгуулах эрх олгоно хэмээх амлалтыг дараах байдлаар батлаж өгчээ.
Орчин үеийнх гэж хэлэхэд хэцүүхэн энэ амлалтанд 2050 оныхоос гадна 2035 оны Азийн цомын тэмцээнийг ч зохион байгуулах эрх олголоо хэмээн бичсэн байжээ.
Холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү. Дуулиан: Зепп Блаттерыг Монголын Ерөнхийлөгчөөс авлига авсан эсэхийг шалгана
Өнгөрсөн долоо хоногт ФИФА-гийн шинэ, хуучин захирлуудаас бүрдсэн 18 хүнийг 100 сая фунт стерлингийн авлига авсан хэмээн баривчилсан юм. Тэдгээрийн тоонд багтаагүй Зепп Блаттер авлигыг холбооноосоо үндсээр нь арчиж хаяна хэмээн мэдээлж байсан ч хууль бус амлалт хийснийхээ төлөө ажлаа өглөө. Түүнийг авлига авсан 19 дэх захирал болно хэмээн дэлхий нийт харж байна. Зепп Блаттерыг 35 жилийн дараах тэмцээний эрхийг хөлбөмбөгийн рэйтингээрээ дэлхийд 200-д бичигддэг улсад зоргоороо өглөө хэмээн буруутгаж, гараар бичсэн амлалт хийсний цаана авлига, авлигын дотор өөр өгөө аваа байсан гэж хардах хүмүүс олон байна.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (11)