Дөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр өглөө Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох байсан ч дахин хойшиллоо.
Шүүх хуралдаанд Т.Цогт, Г.Маралмаа нарыг Цагдан хорих 461-р ангиас авч ирсэн боловч шүүгдэгч Г.Маралмаагийн бие гэнэт муудаж, таталт өгч, их хэмжээний цус алдсан байна.
Тиймээс шүүгдэгч Г.Маралмааг Тахарын албаны хамгаалалт дор эмнэлэгт хүргэжээ.
Түүний өмгөөлөгч н.Хувцагаан Шүүх бүрэлдэхүүнд хандаж "Г.Маралмаагийн биеийн байдал муудаж, улмаар үр зулбах хүртэл аюултай байгаа учраас хүндэтгэн үзэх шалтгаан хэмээн хүлээн авч шүүх хурлыг хойшлуулах хүсэлтэй байна.
Мөн дараагийн шүүх хурлыг 461-р хорих анги дээр хаалттай хийх хүсэлт гаргаж байна. Учир нь хэвлэл мэдээллээр хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээж, шүүгдэгчийн сэтгэл санаанд нөлөөлж байгаа нь биеийн байдалд нь ч муугаар нөлөөлж байгаа. Үр зулбах юм бол амь насанд нь ч аюултай" гэсэн юм.
Харин хохирогчийн талын өмгөөлөгч Д.Манлайжав "461-р хорих ангид саатуулагдаж байгаа хүнийг жирийн эмнэлэгт хүргэж байгааг хүндэтгэх үзэн шалтгаан гэж харахгүй байна. Хорих ангийнх нь харъяа эмнэлэгт хэвтүүлэх ёстой" гэв.
Г.Маралмаагийн биеийн байдал муу байгаа учир Шүүх бүрэлдэхүүнээс Г.Маралмаагийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч өнөөдрийн шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.
Сэтгэгдэл (7)