Сүүлийн гурван долоо хоногийн турш Энэтхэгт хэт халуун шатаж байгаагаас амиа алдагсдын тоо 2500-д дөхсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тодруулбал, хамгийн ихээр халж буй гурван муж улсад нийтдээ 2330 хүн амиа алдаад байгаа аж.
Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт орших, хамгийн ихээр халж буй Андхра Прадеш муж улсад өнгөрсөн 24 цагийн дотор 42 хүн амиа алдсан байна. Тус муж улсад нийт 1719 хүн халууны улмаас амиа алдсан хэмээн тэмдэглэгджээ.
Харин Андхра Прадештай хил залгах Телангана муж улсад 585, Одишад 26 хүн амиа алдсан байна.
Эдгээр нутгуудад өнгөрсөн долоо хоногт Цельсийн 48 хэмийн халуун байсан байна. Харин өчигдөр 45.4 хэм болон буурчээ.
Цаг уур судлаачид энэ долоо хоногт халууны хэм буурна хэмээн мэдээлсэн байна. Мөн зургаадугаар сарын тавны өдөр бороо орно хэмээн мэдэгджээ.
Жилийн яг өдийд Энэтхэгийн ихэнх газар нутагт 40 хэмээс хэтэрсэн халуун болдог бөгөөд бүс нутгийн байдлаас хамаарч З-6 сарын хооронд үргэлжилдэг аж. Дараа нь залгуулаад борооны улирал эхэлнэ. Хамгийн хуурай, халуун өдрүүд дөрөв, тавдугаар сард болдог юм байна.
Г.Үжин