АНУ-ын Конгресс олон долоо хоног хэлэлцсэний эцэст тус улсын тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг шинэчлэх хуулийн төслийг өчигдөр баталлаа.
Одоо Ерөнхийлөгч Барак Обамагийн гарын үсгээр баталгаажихыг хүлээж буй уг хуулийн төслийг 2 жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Сноуден АНУ-ын тагнуулын хөтөлбөрүүдийн булхайг илчилснээс үүдэн хэлэлцсэн юм.
Сенатын танхимд бүгд найрамдахчууд хуулийн төслийг бага зэрэг эсэргүүцсэн хэдий ч мягмар гаргийн орой “USA Freedom Act” буюу “АНУ-ын Эрх чөлөөний хууль”-ийг баталжээ.
Энэхүү хуулиар Үндэсний аюулгүй байдлын агентлагийн үйл ажиллагаанд энгийн иргэдийн утасны яриаг чангах, мэдээлэл цуглуулах зэрэг үйлдэл гаргахыг хориглосон байна. Утасны ярианы бичлэгийг АНУ-ын Засгийн газрын мэдээллийн баазад хадгалахын оронд үүрэн холбооны компаниуд өөрсдөө хариуцах болжээ.
Шинэ хуулиар АНУ-н аюулгүйн албаныханд тодорхой шалтгаануудаар тэдгээр бичлэгүүдийг хайж, сонсох эрх олгосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Сенат эцэст нь АНУ-ын Эрх чөлөөний хуулийг баталсанд баяртай байна. Энэ хууль нь иргэний эрх чөлөө болон манай үндэстний аюлугүй байдлыг хамгаалах болно. Би хуулийн төслийг ирмэгц гарын үсэг зурж баталгаажуулах болно” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Г.Үжин