Монгол эмч нарын баг бие даан хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг маш амжилттай хийсэн талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурал Улсын клиникийн төв эмнэлгийн хурлын зааланд болсон юм.
Энэхүү хуралд ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон болон эмчлүүлэгчид оролцлоо.
Европын улс оронд 250-350 мянган ам доллар, Энэтхэг улсад 100 мянган ам долларын өртөгтэй байдаг элэг шилжүүлэн суулгах хагалгааг монгол эмч нарын баг эх орондоо 60 сая төгрөгөөр хийсэн байна.
Гэхдээ энэ мөнгө бол эмч нарын ажлын хөлс биш, В вирусийн эсрэг эмчилгээнд л гэхэд 24 мянган ам долларыг нь буюу 30 сая төгрөгийн зарцуулдаг байна. Мөн дархлаа дэмжих бусад эм тариаг авахад нийт зардал нь 80 гаруй сая төгрөг болдог ч өвчтөнөөс 60 саяыг нь үлдсэнийг нь Улсын клиникийн төв эмнэлэг гаргадаг байна. Энэхүү хагалгааны зардал ирэх намраас нэмэгдэхээс өөр аргагүй гэдгийн хурлын үеэр эмч нар учирлаж байсан.
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулж Засгийн газрын 2012 оны тоот тогтоолоор 1,672,2 сая төгрөг олгож мэс засал эд нийцлийн лаборатори, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний 20 гаруй нэр төрлийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан аж.
Ингэснээр монгол эмч нар таван 5 жил гаруй хугацаанд бэлтгэсэн хөдөлмөрийнхөө хүчинд Монгол Улсын Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн хамт олон хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийжээ. Эмчлүүлэгч 35 настай Ч.Саранчимэгт хамтаатных нь дүү 26 настай залуу донор болсон бол эмчлүүлэгч 20 настай залууд 46 настай аав нь донор болсон байна.
Дашрамд сонирхуулахад Монгол улс элэг шилжүүлэн суулгасан 36 дахь орон болж бүртгэгдсэн.
Г.Үжин
Сэтгэгдэл (10)