“Даварсаар даварсаар Дагвын оронд” гэдэг үг “Samsung C&T” гэдэг группт сүрхий сайхан зохих янзтай. Хөнгөн утгаараа бол дэлхийд алдартай сүмогийн их аварга Асашёорю Дагваа манай улсын иргэн тул энэ зүйрлэл сайхан зохиж байна. Харин ноцтой утгаараа бол хөнгөнөөсөө ч илүү зохино гээч.
“Samsung C&T” грруп Монголын хамгийн том хөрөнгө оруулалттай төслүүдээс башир аргаар их хэмжээний мөнгө хусч амташжээ. Амьтантай зүйрлэвэл хортой паразит гээд хэлчихэж болох “Samsung C&T” хэд хэдэн томоохон төслүүд дээр ажиллаж, манай улсыг шимсээр байна.
Монголын бүхий л том төслүүдэд гар дүрж байгааг эхнээс нь дурдвал Тавантолгойн төмөр зам барих ажил, Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудал, саяхан үндэсний гэх тодотголтойгоор нээлтээ хийсэн Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын ажил гэх мэт. Хамгийн гол нь улсын хөрөнгийг шимүүлэх боломжийг эрх баригчид олгож байгаа юм.
Тавантолгойн ордыг ашиглахдаа зүүн болон урд чиглэлд төмөр зам барихаар болсон. Урд чиглэлд баригдаж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлыг “Чингис бонд”-оос 200 сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд “Samsung C&T” компани гүйцэтгэж байна. 2013 онд эхэлсэн ч одоо зогсчихсон байгаа бөгөөд “Samsung” компанийн төмөр замын ажил 51.4 хувь дээрээ очоод гацсан.
Тус компани Монголын засгийн газрын өгсөн мөнгөөр туслан гүйцэтгэгч 13 компанидаа 65 сая долларыг хөрс, шорооны ажлын 85 хувийг гүйцэтгэсний төлөө төлжээ. Үлдсэн 135 сая долларыг хаашаа хийсэн гэдгээ “хэнд ч” хэлээгүй хэрнээ санхүүжилт дууссан гэсэн. Энэ их мөнгө замын далангийн шороог хийгээд л дуусчихсан гэнэ.
Улс төрчидтэй ойр зарим эх сурвалж “Samsung” компанийн их хэмжээний мөнгө залгиснаас болоод Тавантолгойн төслийн ажлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй гацааж байгаа хэмээн мэдээлж байна.
Хүүхдийн паркын талбайгаас булаасан гэх маргаантай эхэлсэн Шангри-Ла Улаанбаатар тансаг зэрэглэлийн зочид буудал энэ сарын эхээр сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн.
Шангри-Ла Улаанбаатар зочид буудлыг үндэсний томоохон бүтээн байгуулалт хэмээн тунхаглаж байсан цаг саяхан. Гэтэл "MCS" группын албан ёсны веб сайтад "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудлын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Samsung C&T корпораци, үлдсэн 30 хувийг MCS группын салбар “М-Си-Эс Проперти” ХХК эзэмшдэг хэмээн бичжээ. Мөн бүтээн байгуулалтыг "Samsung C&T Mongolia" компани хариуцсан гэсэн байна.
Эндээс Монголын томчууд үндэсний бүтээн байгуулалт хийх нэрээр хотын төвд газар авч, хүүхдийн тоглоомын талбайгаас “булаасан” газраа харийн томоохон группт эзэмшүүлдэг юм биш үү гэсэн хардлага төрж байна.
Тэгээд ч "MCS" группын “Энержи Ресурс” компани Тавантолгойн төмөр замын төслийг шилжүүлэхдээ "Samsung" компанийг ерөнхий гүйцэтгэгчээр сонгосон нь тус групп “Samsung C&T" корпорацитай хэр дотно гэдгийг харуулж чадна.
“Samsung C&T” engineering & construction corporation гэдэг Солонгосын групп дээрх ажлуудыг хийж байна. Тэгсэн хэрнээ Монголын томоохон төслүүд дээр ашигласан нэр нь анхаарал татав.
Засгийн газрын 2014 оны 53 дугаар тогтоолын хавсралт.
Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/6235?lawid=9800
Тавантолгойн төмөр зам барих гэрээн дээр "Samsung CT" болон Хөшигтийн хөндий дэх Олон улсын нийсэх онгоцны буудал барих гэрээнд охин компани гэгдэг “Эс Си Ти И Си Эм” ХХК гэдэг нэр ашигласан бол "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудлыг барихад "Samsung C&T Mongolia" гэдэг нэрийг ашиглажээ.
Гэтэл интернэтээс хайгаад үзвэл ийм компаниуд "бодитоор оршдоггүй" гэдэг нь нотлогдоод байна. "Samsung CT", “Эс Си Ти И Си Эм” ХХК болон "Samsung C&T Mongolia" компаниуд Монголын хаана байршилтай, хэдэн хүн ажилладаг, хэн эдгээр “салбаруудыг” хариуцдаг талаар ямар ч мэдээлэл байхгүй. Олон улсын Вloomberg.com сайт ч "Samsung C&T Mongolia"-гийн талаарх мэдээлэл хэнд ч тодорхой бус хэмээн мэдээлсэн байх юм.
Түүнчлэн “Samsung C&T” engineering & Construction албан ёсны веб хуудсан дээрээ Монголд хэрэгжүүлж буй томоохон төсөл зөвхөн "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудал хэмээн бичсэн байна. Яагаад 200 сая долларын санхүүжилттай, Монголын засгийн газартай хийсэн гэрээг гүйцэтгэж буйгаа олон улсад өөрсдийгөө сурталчлахаар тавиагүй юм бол? Яагаад охин компани нь барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын төслөө оруулсангүй вэ?
Энэ нь "Samsung CT", “Эс Си Ти И Си Эм” ХХК болон "Samsung C&T Mongolia" компаниуд хуурамч нэр зээлдэгчид үү гэж асуухад хүргэлээ.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (18)