Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат 66 настай иргэн хачигт хазуулж нас баржээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат 66 настай иргэн тавдугаар сарын 24-ний өдөр малдаа явж байхдаа хачигт хазуулсан байна.
Хачгаар дамжих халдвар маш аюултай учир түүний биеийн байдал муудаж Улаанбаатар хотын эмнэлэгт хүргэгдэж ирсэн ч эмчилгээ авалгүй нас баржээ.
Бас нэгэн тохиолдол бүртгэгдсэн нь мөн аймгийн Ерөө сумын иргэн 33 настай С толгойдоо гурван удаа хачигт хазуулж улмаар ухаан алдсан байна. Одоо түүнийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнлэгийн эмч нар эмчилж байгаа аж.
Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг байдаг нь тэмдэглэгдсэн. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг.
Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5-р сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал байдаг.
Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг.
Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэд хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалгийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
Хачигт энцефалит ба хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцефалитын хүнд хэлбэрийн үед хол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдаг тул тээвэрлэхгүй байх хэрэгтэй.