”Сарны саруултайд” аялал Нарны орон жуулчны баазад маш амжилттай боллоо. Зохиолын дуучдын дунд цахиур хагалсан гэж хэлж болох уг аялал олон арван зочид төлөөлөгчидтэйгээр найртай хууртай, сэтгэл догдлуулсан мөчүүдтэйгээр үргэлжилсэн юм.
Дуучин Д.Намсрайноровын зарласан клипжүүлэх уралдаанд чамгүй олон бүтээл өрсөлдсөнөөс эхний гурван байрын эзэд шүүгчид хийгээд олон нийтийн саналаар “байгаа онож” нүнжигтэй шагналуудын эзэн болсон юм.
Мэргэлжийн түвшинд биш, өндөр шаардлага цензурийг ч өвөртлөөгүй уг уралдаан олон аавын хүүгийн талархалыг хүлээж цаашид энэ чиглэлээр хөдөлмөрлөх эрч хүчийг өгч чадсан юм.
Уралдаанд нийслэлээс төдийгүй, хөдөө орон нутгаас бүтээлээ сойсон иргэд олон байв. Хамгийн сонирхолтой нь уралдааны ялагч Хурдан удмын адуугаар шагнуулсан бол, удаах байранд орсон залуус 1 сая төгрөг, гуравдугаар байранд орсон ялагч хундан цагаан хониор мялаалгалаа.
Үнэхээрийн нүнжигтэй, час хийсэн шагналууд байсныг тэнд цугласан олон түмэн ам булаалдан хэлж байсныг нуух юун. Эр хүн хэлсэндээ гэдэг шиг дуучин Д.Намсрайноров мал хариулж өссөн монгол залуу, малтай айлын хөвгүүн гэсэндээ бай шагналаа тодотгож, хэлсэн үгнээсээ гажилгүй холын холоос морь, хонио бэлдүүлж “Нарны орон”-д авчруулж уралдаанд оролцогчдод гардуулж өгсөн юм.
МУСТА Д.Намсрайноровын аав Доржгочоо Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат 1000-т малчин, ажилсаг хөдөлмөрч хүн бий. Дуучин Д.Намсрайноров анхны уран бүтээлээ хийхэд ар гэрийнхэн нь “спонсорлосон” гэдэг. Тэгвэл энэ удаад ч түүний эцэг, эх хүүгийнхээ зорьж буй үйлсийг сайшааж, бай шагналыг нь бэлдэж өгчээ.
Ийн амралтын өдрөөр Үүлэн хээтэй орчлонгийн дор "Нарны орон" жуулчны баазад Гранд хүмүүс цуглаж, Сарны сартуултайд амжуулаад, Монгол аялалаар амраад ирлээ. Улс төрчдийн пи ар биш, урлагийнхны гэгээн сайхан үйлсэд нэг зорилготойгоор оролцсон манай сурвалжлах багийн хувьд сэтгэл өндөр байлаа.
“Нарны орон” аялал жуулчлалын газар аялалын оролцогчдын тав тухтай байлгах бүхий л боломжийг бүрдүүлж чадсан юм. Аялалыг зохион байгуулсан дуучин Д.Намсрайноровын хувьд ч хээгүй монгол зангаараа, хэгжүүрхэж жийрхэсэн зүйлгүйгээр аялалын хамт олонтойгоо, гэр бүлтэйгээ нэгэн сайхан өдрийг өнгөрүүллээ.
Тэрбээр “Учрах ёстой хүмүүс уулздаг. Энэхүү аялал ч учрах ёстой хүмүүсийг уулзуулж байна. Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг аялалд гарахын өмнөх өдөр хурмаст тэнгэр хур бороо хайрлалаа. Өнөөдөр тэнгэр хангай сайхан байж, байгаль дэлхий ч өнгөө засчээ. Урлагийн хүмүүс бидний хувьд амьдралаа сайхан авч явахын тулд хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртдэг. Харин үр шимийг хүртэж байгаагийнхаа хэрээр бусдад түгээх хэрэгтэй гэж би боддог. Авьяасаараа хэдэн бор төгрөг олж байна. Авч байна. Тиймээс өгдөг ч байх хэрэгтэй. Тэр ч үүднээс өнөөдөр энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа билээ” гэв.
Уралдаанд эхний байр эзэлсэн н.Ганбаатарын сэтгэгдлийг хуваалцахад “Битүүхэн дотроо залбирч байсан шагналаа авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол хүн тэр тусмаа эр хүн морь бэлгэнд авна гэдэг гайхалтай зүйл. Энэ жилийн өнгийг маань тодорхойллоо. Би Өвөрхангай аймгаас Д.Намсрайноровын “Сарны сартайд” клипны уралдаанд оролцлоо. Түрүүлсэндээ сэтгэл их өндөр байна. Өөрийнхөө бүтээлийг уг уралдаанд түрүүлнэ гэж бодоогүй /инээв/. Зарим хүмүүс уг клипыг +18 гэж тодотгоод байх шиг байна. Гэхдээ анх хийсэн санаа маань огт тийм байгаагүй. Дуусгаад хүмүүст үзүүлсэн чинь тэгж хэлээд байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Харин удаах байранд орсон залуус "Бид уралдаанд оролцсондоо маш баяртай байна. Ийм өндөр шагнал авна гэж бодсонгүй. Залуу хүмүүсийг дэмжиж урамшуулж байгаад баярлалаа. Илүү их хөдөлмөрлөж, эрч хүчтэй байхад дэм болж байна" гэв.
Харин халуун хошуутай хоньтой буцаж буй оролцогч маань “Энэ жил миний жил орж байгаа. Хонь жил хониор мялаалгана гэдэг их л бэлэгшээлтэй зүйл болж байна. Халуун хошуут хундан цагаан хонио сүрэгтээ идээшлүүлж илүү олон болгож өсгөнө гэдгээ хэлмээр байна” гэлээ.
Аялалын дундуур FM-ийн сэтгүүлчид радиогийн ертөнцөөр аялуулж, эфирийн цаадах дүр төрхөө ил гаргасан бол бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид шүүгчдийн суудалд сууж уралдаанд оролцогчдын бүтээлийг шүүж тунгаасан юм.
Нэгэн өдрийг сэтгэл догдлуусан мөчтэйгээр өнгөрүүлж буй хурсан олон спортоор өрсөлдөж цагийг хөгжилтэй өнгөрөөв.
Хурдан удмын адуугаар шагнуулсан Өвөрхангай аймгийн ороцлогчид маань морио хэрхэн авч явахаа уралдааныг зохион байгуулагчидтай ярилцаж, халуун хошуут хонь авсан залуу маань ч эцэг эхээ баярлуулж байгаадаа туйлын баяртай байгаагаа дахин дахин хэлж байлаа.
Аялалын багийнхан нийгмийн стресс, бухимдал, улс төр , эдийн засгийн хүнд нөхцөлд ард олноо баясгасан уран бүтээлийн дээжис гаргадаг Д.Намсрайноров дуучныхнаа цаашдын гэгээн үйлсэнд амжилт хүсч байлаа.
Ийн Сарны саруултайд аялал маань өндөрлөж нийслэлийн зүг дотно найз, ах дүү, хамаатан садан болон буцацгаасан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)