Жил бүр Монгол Улсад зохион байгуулагддаг жүдо бөхийн “Чингис хаан гран-при” тэмцээн ирэх сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Уг тэмцээнд Оросын жүдо бөхийн олимпийн гурван аварга ирж оролцох аж.
Тодруулбал 2012 оны Лондонгийн олимпийн жүдогийн төрлөөс алт авсан Арсен Галстян, Мансур Исаев болон Тагир Хайбулаев нар ирэх аж. Тэд өнөөдөр манай улсад ирэх юм байна.
Харин 73 кг-д барилддаг Мансур Исаев олон тооны бэртлийн улмаас барилдахгүй байж байгаад “Чингис хааны гран-при”-д анх удаа барилдах бол 100 кг-д барилддаг Тагир Хайбулаев мөн л бэртлийн дараа эргэн ирж байгаа аж.
Ямартай ч жүдо бөх сонирхогчид энэ удаагийн “Чингис хаан гран-при” тэмцээн үнэхээр сонирхолтой болно хэмээн найдаж байгаа юм.