Монгол Улс даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг ирэх сарын 15-наас аравдугаар сарын 5-ны хооронд унтрааж, тоон системд шилжих шийдвэр гараад байгаа.
Тиймээс ирэх сарын 15-наас эхэлж аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтрааж эхлэх аж.
Үүнтэй холбоотойгоор зохицуулалтын хүрээнд болон үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хийгдэх ажлууд нэлээд байгааг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдэгдэв. Мөн энэхүү шилжилт нь дэвшилтэт технологийн 4G сүлжээг нэвтрүүлэхээр хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг юм.
Тоон системд тохирох буюу DVB-T2 стандартын сет-топ боксыг борлуулах албан ёсны эрхийг найман аж ахуйн нэгжид олгосон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ онд явуулсан судалгаанаас харахад, Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 87 аж ахуйн нэгж, хувь хүн байгаагаас 67 нь орон нутагт, 21 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.
Аналог системийг унтраах хуваарийн хувьд Улаанбаатар хотод есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 05, Төв, Өмнөговь аймагт долдугаар сарын 15-25, Баян-Өлгий, Хөвсгөлд есдүгээр сарын 05-наас аравдугаар сарын 05, Сэлэнгэ аймагт наймдугаар сарын 05-25-ны хооронд системийг унтраах юм байна.
Сэтгэгдэл (1)