УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох бусдыг залилан мэхэлсэн, эд зүйлийг нь далайлган сүрдүүлж авсан гэх хэргийг Дүүргийн I прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд дахин шилжүүллээ. Өмнө нь уг хэргийг тус шүүх 2014 оны наймдугаар сарын 14-нд хэлэлцэж, 10 жил нэг сараас 13 жил хорих ялаар шийтгэсэн юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн оны аравдугаар сард уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш өдииг хүрчээ. Д.Дондогийг туслах Д.Сайнбаяраараа дамжуулан “Орон сууц барих газрын зөвшөөрөл олж өгнө” хэмээн 680 гаруй сая төгрөг “Меритон” компанийнхнаас залилан авч, сонгуулийнхаа сурталчилгаанд ашигласан, “Сумбар” компанийн захирал А.Батбилэг нь долоон удаагийн үйлдлээр 5.6 тэрбум төгрөг залилан авсан, ЭЦГ-ын ажилтан А.Ариунболд, Б.Баттулга нартай бүлэглэн иргэдийн автомашин, 2-3 өрөө орон сууцнууд, ангийн буу зэрэг эд зүйлийг далайлган сүрдүүлж авсан хэмээн буруутгаж буй юм.
Сэтгэгдэл (3)