Өнөөдөр АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар 2015 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар, төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр зохион байгуулдаг ээлжит мэдээллийг өгсөн юм.
Энэ үеэр АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас зарим зүйлүүдийг тодрууллаа.
АТГ Алтанхуяг гишүүний боловсруулсан хуулийн төслийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүн Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээр хуулиудыг дагалдан гарах УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар хүсэлтээ ирүүлсний дагуу АТГ-аас тодорхой саналаа гарган хүргүүлсэн. Одоогийн байдлаар дээрх хуулийн төслийг УИХ хэлэлцэх шатандаа байгаа тул АТГ-т одоогоор ямар нэгэн рооөөр илүү дутуу санал, тайлбар, дүгнэлт хэлэх шаардлага байхгүй.
- Ерөнхийлөгч асан П.Очирбатын ХОМ-ийг шалгаж байна гэсэн. Одоо юу болж байна?
-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн Гантамир нарын гомдлын дагуу ҮХЦ-ийн гишүүн Очирбатын ХОМ-ийг хуульд заасан хугацаанд шалгаад хариуг дээрх албан тушаалтнуудад өгсөн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломж АТГ-т байхгүй.
- Санжийн Баярыг шалгасан асуудал юу болов?
-УИХ-ын гишүүн Уянгын АТГ-т хандсаны дагуу Санжийн Баярт холбогдох асуудлыг шалгаад хариуг УИХ-ын гишүүн Уянгад хүргүүлсэн. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Дэнзэнгийн хэрэг юу болж байгаа вэ?
-Г.Дэнзэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
- Танайхыг Прокуророос шалгасан. Яагаад шалгаж байгаа юм бол?
-АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Энэ бол хийж байдаг энгийн нэг шалгалт. Өмнө нь хийж байсан, одоо хийж байгаа, цаашид ч хийх тийм л шалгалт. АТГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурор хянадаг. Бүх ажиллагаа прокурорын хяналтан дор явагддаг. АТГ хэнд ч хянуулдаггүй, цагдуулдаггүй, эрх дураараа байгууллага гэсэн ойлголт байхгүй гэдгийн жишээ энэ л дээ.
- Одоогоор хэчнээн хүн цагдан хоригдоод байна вэ?
-5 хүн байгаа. ЭХТА-ийн 268 /Хээл хахууль авах/, 265 /төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 263 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/ дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 5 хүн байна. Г.Дэнзэн яллагдагчаар, Г.Түмэнхүү яллагдагчаар, М.Тамир яллагдагчаар, Д.Батзориг яллагдагчаар, Г.Мөнхбат яллагдагчаар нар.
- АТГ-ын тайлангаас харж байхад шалгасан гомдол мэдээллийн ихэнхийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Энэ яагаад вэ?
-Иргэд нийгэмд байгаа болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ-т хандаж шийдвэрлүүлэх хүсэл сонирхолтой байгааг манайд ирүүлсэн гомдол, мэдээллийн бүртгэлээс харж болно. Гэтэл АТГ хуулиар харьяалуулсан 10 төрлийн гэмт хэргийг шалгадаг. Иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн дийлэнх нь хэргийн харьяалал бус, ихэнхдээ зөрчлийн шинжтэй байдаг. Жишээлбэл, цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхээс хандив авлаа, газрын байцаагч мэдээллийн санд бүртгэж аваагүй гэх зэрэг гомдол нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байдаг.
-Иргэний харьяаллын Пүрэвдоржийн хэрэг юу болж байна?
-ЭХ-ийн 263.2, 273.2, 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Төмөр замын Сэрээнэндоржийн хэрэг?
-ЭХ-ийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
“Цэвэр агаар” сангийнхны хоёр дахь хэрэг ямар шатанд байна вэ. Прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэдэг, дахиж яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгөв үү?
-Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/