Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулсан юм.
Төрийн аудитын тухай болон Төсвийн тухай хуулийн дагуу 2014 оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан, улсын төсвөөс санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнд аудитын дүгнэлт хийж холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Ингэхдээ төсвийн байгууллагууд болон улсын төсвийн хөрөнгөөр баригдах 800 гаруй барилга байгууламжийн мэдээллийг харуулсан цахим тайланг гаргаж интернэт орчинд танилцах боломж бүрдүүлжээ.
Үндэсний аудитын газрын дүгнэлтэд улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлого, алдагдал, өрийн хэмжээний хувьд 2014 онд төлөвлөсөн зорилт бүрэн хангагдаагүй, орлого гэхэд төлөвлөснөөс 727 тэрбум төгрөгөөр дутуу, түүний гол хувийг татварын орлого эзэлж байна. Улсын төсвийн гүйцэтгэлийн тухайд төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах боломжийг алдсан байна гэж дүгнэжээ. Хөрөнгө оруулалтын тухайд 855 төсөл арга хэмжээний 466 нь бүрэн хэрэгжсэн, 22 нь хэрэгжээгүй, 367 нь дутуу хэрэгжилттэй байна гэсэн дүн гарсан байна. 2014 онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн 518 барилга байгууламжийн 54.6 хувийг нь улсын комисс хүлээн авсан байна. Үүний шалтгаан нь төлөвлөлт хангалтгүй, зураг төсөвгүй, гэрээлэгчийг сонгохдоо хугацаа алдсан, гэрээний үүргийг хэрэгжүүлэх хариуцлага сул байгаатай холбоотой гэж аудитын байгууллага үзээд ийм дутагдал жил бүр давтагдаж байгааг анхааруулсан байна.
Төрийн аудитын байгууллага төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланд аудит хийсний үндсэн дээр Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд олон улсын стандартын дагуу аудит хийж дүгнэлт гаргасан байна. Ингэхдээ санхүүгийн тайлангийн 91.1 хувийг зөрчилгүй гэж үзсэн бол 8.9 хувьд нь хязгаарлалттай дүгнэлт өгчээ. Мөн хараат бус 45 аудитын байгууллагатай гэрээ хийж 189 аж ахуйн нэгжийн 2014 оны тайланд аудит хийлгэхэд 88.6 хувь нь зөрчилгүй гэсэн дүнтэй гарсан байна. Аудитын байгууллагууд санхүүгийн тайлангуудад аудит хийх явцдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд 540 санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Сангийн сайдын илтгэл, Үндэсний аудитын байгууллагын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Д.Ганбат, Д.Сумъяабазар, Д.Батцогт, Ч.Улаан, Г.Баярсайхан нар Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудитороос асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүд болон яамдын холбогдох албан тушаалтнууд гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгөв.
Үүгээр “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.