Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан. Гэвч уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгээс авсан тав хоногийн завсарлага дуусаагүй тул завсарлагыг үргэлжүүлэх саналтай байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт дуулгасан юм.
Тэрээр "УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлага авсан үндсэн шалтгаан нь баялаг бүтээгч, бизнесийнхэнд ногдуулах торгуулийн ялын хэмжээ хэт өндөр байна гэдэг үндэслэлээр авсан. Үүнтэй холбогдуулж төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдэгдэл, шаардлага бидэнд ирсэн. Эрүүгийн хууль бол маш том хууль. 2002 онд батлагдсанаас хойш өөрчлөлт орохгүй байж байгаад одоо шинэчилсэн найруулга орж ирж байгаа. Иймээс хуулийн төслийг эргэж ярья, хэлэлцүүлэг хийе гэж ярьсан. Хэлэлцүүлэг хийгдэхгүй байгаа. Иймд асуудлыг ярилцаж амжаагүй байгаа учир ажлын хэсэг, байнгын хороон дээр ярих бололцоо бүрдүүлж өгөхийг хүсч байна. Завсарлагын хугацаа дуусаагүй байгаа учир энэ хугацаанд асуудлыг ажлын хэсэг, байнгын хороон дээр ярих шаардлагатай байна" гэв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд "аж ахуйн нэгжүүдэд ял оноох нь шинэ зүйл биш. Хуучин аж ахуйн нэгжийн захирал, нягтлангууд нь аж ахуйн нэгжийнхээ өмнөөс ялыг нь эдэлж шоронд суудаг байсан ялыг Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төсөлд зааснаар торгууль болгож хувиргасан. Өөр ямар нэг шинэ зүйл байхгүй. Хэн нэгэн буруу үйлдэл хийсэн бол заавал хариуцлага хүлээх ёстой. Хэрэв энэ хуулийг батлахгүй бол хуучин дарга, нягтлан нь шоронд ордог байдал үргэлжилнэ гэсэн үг. Иймээс ажлын хэсэг дээр дахин ярья. МАН-ын бүлгийг тав хонолгүй дөрөв хоноод завсарлагаа дуусгачих байх гэсэн ч завсарлагаа үргэлжлүүлье гэсэн саналтай байгаа тул чуулганы хуралдааныг одоо хуралдуулах эрх надад алга байна. Гомдол гаргаад байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг цуглуулж хэлэлцүүлэг хийе гэснийг хийгээгүй байгаа юм байна. Анхдугаар хэлэлцүүлгийг хаалгүй Хууль зүйн байнгын хороо гурав хоног хуралдсан. Одоо байнгын хороо хуралдаад тайлбар өгвөл ойлгомжтой болно. Иймд өнөөдөр ажлын хэсэг, байнгын хороог хуралдуулах хэрэгтэй. Маргааш төлөвлөсөн долоон байнгын хорооноос ажлаа хөнгөвчлөхийн тулд гурав нь өнөөдөр хуралдах хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороо зайлшгүй хуралдаж анхдугаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд С.Бямбацогт гишүүний хэлж байгаа саналуудыг хэлэлцэн ойлголцоод орж ирэх хэрэгтэй" гэлээ.
Г.Үжин