Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт зүүн бүсийн чуулга уулзалт энэ сарын 27, 28-ны өдрүүдэд боллоо.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцсон тус арга хэмжээний үеэр “Төсвийн хуулийн хэрэгжилт орон нутагт, орон нутгийн хөгжлийн сан”, “Баг сумдын хөгжилд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг оролцоо”, “Иргэн төвтэй нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний шинэчлэлийн асуудал”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил хөгжил, Швейцарь улсын жишээ” сэдвээр илтгэл танилцуулсан. Үүний дараа аймгуудын хурлын байгууллагууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ярилцлага өрнүүлэв. Түүнчлэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулж, зүүн бүсийн гурван аймгийн ИТХ-ын 60 гаруй төлөөлөгч дээрх хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцсон юм.