Цахим сүлжээгээр тархаад байгаа хуурамч будааны талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Тэдний хийсэн мэдээллээр анх мэдээллийг нийгмийн сүлжээнд тавьж, олон нийтэд тараасан иргэнтэй холбогдох гэсэн боловч одоог хүртэл холбогдож чадаагүй байгаа аж.
Гэхдээ хуурамч будаатай холбоотой нэгэн гомдлыг Чингэлтэй дүүргийн иргэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн байна.
Энэхүү мэдээллийн дагуу тухайн будааг хуурамч эсэхийг нь шалгаж шинжлэхээр лабортарийн шинжилгээнд өгчээ. Шинжилгээний хариу энэ долоо хоногтоо багтан гарах аж. Үүний дараа баттай мэдээллийг олон нийтэд цацна гэдгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид мэдээллээ. Мөн яг ямар компанийн, ямар нэртэй будааг шинжилж байгаа тухай нууцлаж байгаа аж.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр цахим сүлжээнд тархаад байсан хуурамч будаатай мэдээлэл нь компани хоорондын сөрөг сурталчилгаа байх магадлал өндөр байгаа гэнэ.