Хуурамч цагаан будааны асуудал газар авсаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс лабораторийн шинжилгээнд өгөөд байгаагаа мэдэгдсэн. Шинжилгээний хариу ойрын хугацаанд буюу энэ долоо хоногт гарах ч олон нийтийн зүгээс хуурамч цагаан будааны асуудлаар санал сэтгэгдлээ хэлж, бухимдлаа илэрхийлэх нь нэмэгдсээр байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монголын хэрэглэгчид БНХАУ-ын "Сакура" "Сүмтэй" будаа, ОХУ-ын гурвалжин будааг өргөнөөр хэрэглэдэг болсон гэхэд хэлсдэхгүй. Эдгээрээс зах зээл дээр хамгийн үнэтэй худалдаалагддаг нь "Сакура" будаа ажээ. Энэ будааг "Агь" компани импортлон оруулж ирдэг бөгөөд экспортлогч нь БНХАУ-ын "Такашикен" компани юм. Цахим сүлжээгээр Сакура будааг хуурамч гэх шум тарсан нь хэрэглэгчдийг анхаарлыг яахын аргагүй татаад байгаа юм.
Юутай ч хуурамч будааны асуудлаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодруулахад "Нийслэлийн бүх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нараас өдөр бүр мэдээлэл авч байгаа. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст нэгэн иргэнээс будааны чанарыг шалгаж өгөх талаар гомдол ирүүлсэн. Түүний гомдлын дагуу авчирсан будааны дээжид лабораторийн шинжилгээ хийлгэхээр хүргүүлээд байгаа. Зарим импортын барааны хадгалалтын горим зөрчигдсөн байх магадлалтай. Бидний хэрэглэж байгаа цагаан будаа ихэнхдээ Замын-Үүдийн гаалиар орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний цагаан будааны 80 хувь нь БНХАУ-аас орж ирдэг. Энэ нөхцөлд зарим будааг Замын-Үүдийн гааль дээр савласан асуудал гарсан байх" гэв.
Дашрамд хэлэхэд, Мэргэжлийн хяналтынхан яг ямар компанийн, ямар будаанд шинжилгээ хийж буйгаа нууцалсан нь олон нийтэд зарим хардлагыг бий болгоод байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)