Манай Эрүүгийн хуулийг дэндүү шоронжсон гэдгийг ард олон хийгээд эрх баригчид шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуульд ялын доод хэмжээг зааж хуульчилснаар “хорьж шийтгэхээргүй хүмүүсийг хорьж шийтгэдэг” тогтолцоо бий болсон. Ингэснээр хүндэвтэр бөгөөд хөнгөн, санамсаргүй үйлдэгдсэн хэргүүд дээр ч яллах дүгнэлт үйлддэг болсон .
Гэтэл энэ нь хуулийн дагуу хэдий ч хүний эрхийг зөрчиж буй асуудал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр ирсэн.
Мөн хэдэн тэрбумаар нь албан тушаалаа ашиглан залилан хийсэн төрийн албан хаагч нөхдүүдэд хүлээлгэх хариуцлага хөнгөн. Эрүүгийн хуулиндаа л албан тушаалын гэмт хэрэгт 3-5 жилийн ял эсвэл тэнсэн харгалзах ял оноох заалттай. Ийм л зөрүүтэй, шударга бус гэмээр хууль манайд үйлчилж байгаа юм.
Цаашлаад шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг явж байгаа энэ үед зарим шүүмжлэлийг олон нийтийн зүгээс чулуудаж эхэллээ.
Энэ нь компаниудад эрүүгийн хариулцлага хүлээлгэх заалт юм. Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэргээс ч янз бүрийн мэдэгдэл гаргаж татвар төлөгч, баялаг бүтээгчдийн эрх ашгийг ярьж эхлээд байна.
Угтаа компанийн удирдлагуудыг юу юугүй аваачаад хорьчихдог тогтолцоог халж торгож, хариуцлага тооцдог системрүү шилжинэ гэсэн зүйлийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөл дээр ажиллаж байгаа хэсгийнхэн онцолж байгаа. Ингэснээр компани, аж ахуй нэгжүүдэд “ээлтэй” хууль төрнө гэдгийг хэлж байсан.
Гэвч нийгмийн нэг хэсэг тэдний энэхүү торгох механизмыг буруутгаад байгаа нь Эрүүгийн шинэчилсэн хуулийн зарим заалт дээр талцах асуудлыг дэвэргээд байгааг нуух юун.
Өөрөөр хэлбэл, компанид тооцох эрүүгийн хариуцлагын тухай заалтуудад торгуулийн хэмжээ их байна гэж зарим хүмүүс үзээд байгаа юм.
Бүр тодруулбал, шинэчилсэн Эрүүгийн хуулинд компанийн торгуулийн хэмжээ 20 саяас 13 тэрбум байгаа. Гэтэл ийм байдлаар торгуулаад байвал дампуурах компанийн тоо олширч, удирдлагууд нь насаараа төлөөд ч дийлэхгүй өрөнд орох талтай гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байгаа юм.
Юутай ч "Одоо батлагдах хуулиуд ард олны, олон нийтийн эрх ашигт нийцсэн байгаасай. Өмнөх зарчмаараа олигархи, хөрөнгө оруулагч, бүлэглэлүүдийн эрх ашигт нийцсэн хууль эрхзүйн акт яаран сандран гарахгүй байгаасай" гэх ард олны дуу хоолойг хүргэх нь зүйтэй байх.
Дашрамд хэлэхэд, энэхүү шинэчилсэн хуульд ялын доод хэмжээг хэвээр үлдээж байгааг 2002 оны “Шоронжсон хууль”-иас ялгагдахгүй хэмжээнд боловсруулагдсан гэж үзэх иргэд цөөнгүй байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)