Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д айлчилж байна. Оюутолгойн гэрээг гацаанаас гаргаж эдийн засгаа сэргээх тухай мэдэгдэл хийснээс хойш Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар олон айлчлал хийж байгаа. Үүний өмнө АНУ-д айлчилж хөрөнгө оруулагчидтай уулзсан.
Барууны хэвлэлүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Их Британид хийж буй айлчлалын талаар ихээхэн хөнджээ. Гадаадынхан Монгол Улсын эдийн засгийн боломж, бодлого, шийдвэрийг хэрхэн харж буйг “Багц 24” буландаа хүргэж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзах үед.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс ойрын хугацаанд Тавантолгойн төслийг мухардлаас гаргана хэмээн ярилаа. Тэрээр “Тавантолгойн төслийг энэ сард батална хэмээн хүлээж байгаа бөгөөд батлагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж хэллээ.
Таван тэрбум долларын Тавантолгойн төсөл болон Орос, Хятадтай хамтран хэрэгжүүлэх Талын зам дэд бүтцийн төлөвлөгөөг батлагдана хэмээн хүлээж буй Ч.Сайханбилэг гадаадын хөрөнгө оруулагчдыг унасан эдийн засгаа дэмжихийг даллаж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ жил Оюутолгойн уурхайн хоёр дахь шатны ажлыг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Мөн удаан хугацаанд гацсан Тавантолгойн төслийг баталвал Монголын эдийн засаг 2021 он гэхэд гурав дахин өснө.
REUTERS.COM: МОНГОЛЫН ЕРӨНХИЙ САЙД ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ ОЛЖ АВНА
Оюутолгойн төслийг гацаанаас гаргасан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн төслийг урагшлуулахыг хичээж байна. “Хэрвээ энэ төсөл батлагдвал гадаадын хөрөнгө оруулагчдад чанга дохио өгнө” хэмээн Ч.Сайханбилэг лхагва гарагат өгсөн ярилцлагын үеэр хэллээ.
Монголын засгийн газрын тэргүүн ойрын 2-3 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 4.5 тэрбум долларт хүргэн өсгөхийг зорьж байгаа гэж ярилаа.
Эдийн засгаа сэргээх ажилд ханцуй шамлан орсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Канадын уул уурхайн компани "Хан Ресурс"-ын 100 сая ам.долларын өрийг төлнө хэмээн мэдэгдлээ. Тэрээр “Арбитрын шүүхийн шийдвэрийг хүн бүр дагах ёстой. Манай улс ч шийдвэрийн дагуу өрөө барагдуулна” хэмээн хэллээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын Хууль зүйн сайд Арбитрын шүүхийн шийдвэрийг буцаах тал дээр Монголын засгийн газар ажиллана хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдэл Монголд хөрөнгө оруулахад бэрх гэсэн сөрөг хандлагыг буруулж өглөө.
Өнгөрсөн 11 дүгээр сард ажлаа авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад хөрөнгө оруулагчдад маш нөхөрсөг орчныг бий болгоно хэмээн ярилаа. Тэрээр олон жилийн хугацаанд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдыг хууль зүйн хүрээнд дотоодын компанитай адил авч үзэх бөгөөд 22.5 жил хүртэлх хугацаанд хөрөнгө оруулах бол компанийн татварыг 10 хувиас огт нэмэгдүүлэхгүй барих зэрэг боломжуудыг олгоно гэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 50 тэрбум долларын "Талын зам" төслийг урагшлуулахаыг хичээж байна. Энэхүү төслөөр 997 км хурдын зам, Орос, Монгол, Хятад гурвыг холбосон 1100 км төмөр зам баригдах юм.
Ч.Сайханбилэг гурван орны удирдагчид энэ асуудлаар энэ сард ОХУ-ын Юфад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын чуулга уулзалт дээр уулзаж ярилцах бөгөөд дэмжлэг авна хэмээн итгэж байна.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (30)