Цаг цэвүүн болсон өнөө үед луйварчдын арга ч улам бүр нарийсчээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж өөрийгөө Хатанболд, Хатнаа гэж танилцуулах хүмүүсийн луйвар хэрээс хэтэрсэн байна.
Тодруулбал өөрсдийгөө Хатанболд, Хатнаа хэмээн танилцуулах этгээдүүд мэргэжлийн хяналтын нэрийг барьж эмнэлгийн байгууллагууд руу утасдаж “Танайх руу манайхаас шалгалт орох гэж байна. Галын хор байна уу, хоолны дээжээ авсан уу, бүх зүйлийг чинь шалгана, шалгалт оруулж амжихгүй бол энэ удаад бүх зүйлийг бүрэн, сайн гэж дүгнэлт гаргана” хэмээн сүрдүүлж, Хаан банкны дансны дугаар, нэртэй нь явуулж мөнгө шилжүүлэхийг шаарддаг байна.
Одоогоор Хатнаа гэх нэрийг барьсан иргэнтэй холбоотой зургаан удаагийн үйлдэл бүртгэгдээд байгаа аж. Энэ байдал цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолсон.
Дээрх байдлаар сүрдүүлж, мөнгө авсан хэрэг нэлээд гарсан бөгөөд дансны дугаар, мөнгө шилжүүлж байгаа хүнийх нь нэр өөрчлөгддөг ч мэргэжлийн хяналтын байцаагчийн нэрийг барьж, худал сүрдүүлдэг байдал үргэлжилсээр байгаа аж. Энэ асуудлаар НМХГ-аас Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгалт хийлгэхээр ханджээ.
Түүнчлэн мэргэжлийн хяналтын нас барсан байцаагчийн нэрийг барьж хүртэл байгууллага, аж ахуйн нэгжээс мөнгө нэхсэн хэрэг ч гарчээ.
Энэ мэт байдлаар мөнгө залилсан 6 удаагийн тохиолдлоос нэгийг нь цагдаагийн байгууллага шалгаж байсан аж.
Тодруулбал 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус этгээд Баянгол дүүргийн Мангут эмнэлэг рүү 99986125 гэсэн дугаарын утаснаас “Танай эмнэлэгт TV8 телевизтэй очиж шалгалт хийнэ” гэж мөнгө нэхсэн асуудлыг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж уг этгээд нь Халзангийн Батсүх болохыг тогтоож, хохирлын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байсан тул хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Хохирлын хэмжээ нь 192 мянган төгрөг хүрэхгүй үед эрүү үүсгэдэггүй гэх хуулийн заалтыг мэддэг тус этгээд тухайн хэмжээнд хүрэхгүй мөнгийг байгууллага, аж ахуйн нэгжээс сүрдүүлж авдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ.
Мэргэжлийн хяналтын нэрийг барьж мөнгө нэхэж байгаа асуудлууд гарч байгаа тул аж ахуй нэгж байгууллага, иргэдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна. Хэрвээ ямар нэгэн хүн мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар нэхвэл тухайн дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох байцаагчдаа хандах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын пэйж хуудас болон 70128012 дугаарт яаралтай хандаарахыг албаны хүмүүс сэрэмжлүүлээ.
Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа заавал урьдчилан мэдэгддэг байна. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль шийтгэврийг тавихдаа заавал Төрийн банкны дансанд төвлөрүүлдэг. Мэргэжлийн хяналтын нэг ч байцаагч гар дээрээ бэлэн мөнгөөр торгууль шийтгэврээ авдаггүй аж. Харин мөнгө тушаасан баримтыг нь тухайн албан байгууллагаас аваад шийтгэвэрээ бичээд нэг хувийг тухайн аж ахуй нэгжид хүлээлгэж өгдөг байна. Иймд шалгалт хийгдээгүй, тухайн байгууллагад мэдэгдээгүй байхад шалгалт хийдэг, мөнгө төгрөг нэхдэг явдал огт байхгүй юм байна.
Энэ мэт байдлаар хууль, хяналтын байгууллагын нэрийг барьж мөнгө луйварддаг гэмт хэрэг олширсоор байгаа нь өнөөгийн нийгэмд мөнгийг хялбар аргаар олох гэсэн хүмүүсийн башир арга болоод байна. Тиймээс иргэд, байгууллага, аж ахуйн нэгж ямар нэгэн шалгалтаас эмээж, бусдад залилуулахгүй байхыг энд дахин онцолъё.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (5)