Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болов.
Уг хурлаар эмнэлэг, эм хангамжийн байгуулага, үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн юм.
Шалгалтад 130 эмнэлэг, ариутгалын үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага, эрүүл мэндийн хог хаягдлыг устгадаг нэг байгууллага хамрагджээ. Мөн 62 эмийн сан, эмийн үйлдвэрийг шалгахад 20 орчим хувь нь их эрсдэлтэй хэмээн үнэлүүлсэн бол эмнэлгүүдийн 10 хувь нь их эрсдэлтэй байсан байна.
Тодруулбал эмийн төсвийг танаж баталсантай холбоотой эмнэлгүүдийн 60 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, эмийн хэрэгслийн нөөцгүй байсан талаар мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдсэн.
Мөн эмнэлгүүдэд стандартад заасан эмч, мэргэжилтнүүд дутагдалтай байсан нийтлэг зөрчил илэрсэн байна.
Харин Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, “SOS medical Mongolia” компанийн Хан-Уул дүүрэг дэх салбар нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь ч шалгалтаар илэрчээ.
Мөн зарим эмнэлгийн барилга ашиглалтын хугацаа дууссан, урсгал засвар, үйлчилгээг хийгээгүй зэрэг барилгатай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал 1962 онд баригдсан Хүүхдийн 40 дүгээр сувилал, 1981 онд ашиглалтад орсон Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга дахин ашиглах боломжгүй, хана, тааз нь мөөгөнцөрдсөн, шавар нь нурж унасан дүр зурагтай байсан гэдгийг ч мэргэжлийн байцаагч нар танилцуулж байсан.
Зөрчил дутагдалтай байсан 78 байгууллагад улсын байгцаагчийн хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, зургаан байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Тухайлбал ЧЭМТ-ийн стационарын гар тогоо, Мөнх- Оньс, Буянт-ээж, Чулуут рашаан, Сос медикал, Мөрөөдлийн мишээл эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаатайгаар зогсоожээ.
Харин эдгээрийг илэрсэн зөрчил дутагдлаа арилгасан тохиолдолд үйл ажиллагааг нь сэргээнэ гэдгийг улсын байцаагч мэдээлж байсан.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын 71 хувь нь жороор олгох зориулттай эмийг жоргүй, эсвэл хүчингүй жороор олгож байсан нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн байна.
Тухайлбал "Даш", "Цэгцүүхэй", "Гол хэрлэн", "Батраш", "Монос Баянмонгол" эмийн сангууд нь нэгдүгээр зэрэглэлээр үйл ажиллагааг явуулах стандартын шаардлага хангахгүй байжээ. Тиймээс дээрх эмийн сангуудын шатлалыг бууруулж, хоёрдугаар шатлалаар буюу эмийн сандаа усан эм найруулах эрхгүйгээр, үйл ажиллагаа явуулдаг болгох саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт явуулсан байна.
Мөн “Бурят омбол”, “Киль туул”, “Бейссан” эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Эрүүл мэнд, Спортын яаманд хүргүүлжээ. Учир нь дээрх байгууллагууд холбогдох хууль дүрэм журмыг удаа дараа зөрчсөн байна.
Эмийн сангуудаас эмийн сангуудын үйл ажиллагаа явуулж байгаа байр стандартын шаардлага хангаагүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгоны зөрчилтэй, хугацаа нь дууссан эм, жоргүйгээр эмийн хэрэгслийг худалдаж байсан нийтлэг зөрчил илэрсэн байна.
Тиймээс иргэд худалдан авч байгаа эмээ хянаж, шалган манай улсын эмийн бүртгэлд байгаа эсэхийг нь лавлаж, тодруулдаг байх хэрэгтэй гэдгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (1)