Хоёр жилийн өмнө Хүнсний төвд нь гал гарснаар үйлчлүүлэгчийнх нь тоо багассан “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн нь олны сонирхолыг ихэд татаж орхив. Тэрбээр улс төр, нефт занар, эдийн засгийн хямралаас эхлээд Нарантуул захынхаа асуудлаар товчхон хийгээд тун тодорхой ярилцлага өгчээ.
Мөн хүнсний захыг бүхэлд нь сүйтгэсэн галын асуудлыг ч орхилгүй цухалзуулав. Тэрбээр “Гал гарсан шалтгааныг одоо болтол үнэн зөвөөр эцэслэн гаргаж өгөхгүй байгаа. Миний хувьд цахилгаанаас болж гал гарсан гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Одоо болтол маргаантай хэвээрээ. Прокурор дээр хянагдаад, шалгагдаад явж байгаа. Хорлон сүйтгэгч л гал тавьсан.
Галын дүгнэлтийг гал сөнөөгч нар зориуд буруу гаргаад байгаа. Тэр ажлын хэсэгт нь нэг ч цахилгааны инженер оруулаагүй. Мэргэжлийн хүнийг оруулахгүй байж яаж цахилгаанаас гарсан гэдгийг тогтоогоод байгаа юм. Цахилгааны инженер нягтлаад, баталвал түүнийг нь хүлээн зөвшөөрч болно. Гэтэл галын дүгнэлт нь авцалдаагүй, бодит байдалд нийцэхгүй байгаа” гэв.
Алдсан хүн арван тамтай гэгчээр энэ асуудал ийн сунжирсаар байгаа нь ганц Ш.Сайхансамбууд биш зарим наймаачдад ч хүндхэн байгааг нуух юун.
Наймаачдын хувьд ч тухайн үед галын нөхцөл шалтгааныг хэн нэгний явуулга гэж хардаж байгаагаа хэвлэл мэдээллийнхнээс нуугаагүй юм.
Мөн Ш.Сайхансамбуу улс төрийн хүрээнээс гарсан. Тиймээс ч ирээдүйн бизнестээ нэлээдгүй хүч хаяна гэдгээ онцлоод буй. Тэрбээр эхний ээлжинд "Нарантуул" худалдааны төвийг битүү дээвэртэй, худалдааны иж бүрэн цогцолбор болгоно гэж ам гарсан.
Түүний энэ амлалтад олон жилийн турш халуунд халж, хүйтэнд хөрж ирсэн тус худалдааны төвийн наймаачид одоо л нэг тав тухтай орчинд худалдаа үйлчилгээгээ эрхлэх болж байна гэж иргэд ч ам саатай байгаа.
Мөн хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Нарантуул зах Монголын эдийн засагт ийм ийм нөлөө үзүүлж, хэрэг болжээ гэдгийг үүслээс нь эхлээд өгүүлэх кино хийх гэж байгаагаа дэлгэлээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)