Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ онд нийслэлийн ногоон бүсийн нийт 244 га газраас мод бэлтгэх зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээ гэсэн хоёр төрлөөр мод бэлтгэх юм.
Цэвэрлэгээний огтлолтыг унанги болон босоо, хуурай /үхсэн/ модыг ойн хөнөөлт шавж, өвчний голомт үүсэх, бүрдэх нөхцлийг бууруулах, шатах материалын хуримтлалыг багасгах, модлогийн чанарыг муудахаас өмнө авч ашиглах зорилгоор хийж гүйцэтгэнэ.
Ойн цэвэрлэгээг ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, цасанд өртөн үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх юм.
Цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцлөөс урьдчилан сэргийлэгдэнэ гэж үзсэн байна. Цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 метр куб, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү мөчир түүлгэх замаар 5100 гээд нийт 6100 шоо метр модыг бэлтгэн иргэдийн хэрэглээний модны хэрэгцээг хангах гэнэ. Ойн цэвэрлэгээний огтлолт болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 36.3 сая төгрөг төвлөрнө.
Г.Үжин