Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалын эхний өдөр буюу 7 дугаар сарын 1-ний өглөө Лондонгийн Хөрөнгийн биржийн тухайн өдрийн арилжааг нээсэн юм.
Энэ үйл явдал нь ““Амны билгээс ашдын билэг” гэгчээр хөрөнгө оруулалтын салхийг Монгол тийш эргүүлэх, хөгжлийн түүчээ өртөөлөн өргөжин дэвжих билэгдэл боллоо” хэмээн билэгшээх нэгэн ч байлаа. Ийнхүү билэгшээх нь ч аргагүй юм.
2014 оны эцсийн байдлаар Лондонгийн хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 6,06 их наяд ам.долларт хүрч, дэлхийн 60 гаруй орны 2,938 компани уг биржээр дамжуулан хувьцаагаа арилжиж байдаг төдийгүй зах зээлийн үнэлгээний хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог. Манай улсын тухайд Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээгээ 2017 он хүртэл сунгасан юм билээ.
Харин айлчлалын үеэр Монгол улсын Хөрөнгийн биржийг энэ том санхүүгийн төв рүү гаргахад хамтарч ажиллах гэрээг хийлээ. Монголын талаас орж байгаа бүх байгууллагуудаа нэгтгээд нэг цонхоор харилцаач гэдэг саналыг тэд Ерөнхий сайдад тавьж, Ерөнхий сайд ч энэ саналыг ажил хэрэг болгоно гэж амлачихсан. Ийм том зах зээлийн давалгаанд Монгол улс нэгдэж чадаж гэмээнэ Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ өдөр бүр дэлхий дахины сонорт хүрч, тэр хэрээр хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэнэ.
“Ллойдс” компани ерөнхий даатгал, дахин даатгалын үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Бүтэн жилийнх нь орлого 40 тэрбум ам.доллар хүрдэг гэсэн. Лондонгийн үл хөдлөх хөрөнгийн даатгалыг хариуцдаг тус компанид тусгай эрсдэл, гамшгийн эрсдэлийг даатгадгаараа онцлогтой. 55 мянган ажилтантай “Ллойдс” компани үйл ажиллагааныхаа 40 хувийг АНУ, 20 хувийг Их Британид явуулж, мөн бусад оронд үйл ажиллагаа явуулдаг гэхээр цар хүрээ нь өргөн байгаа биз.
Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Тийм ч учраас эрсдэлтэй нөхцөлд, бэрхшээлийг даван туулах эрсдлийг нөхөх тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт байх ёстой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголд даатгалын үйлчилгээгээ санал болговол таатай хүлээж авна” гэдгээ илэрхийлчихсэн. Ялангуяа, Монголын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн салбарыг ган, зуд зэрэг байгалийн гамшиг, эрсдэлээс хамгаалах чиглэлд хамтран ажиллахаар болж энэ талаар судлахаар тохиролцсон юм.
“ЛЛойдс-ын даатгал бол улс орны хэмжээний байгалийн гамшиг тохиолдох, зуд турхан болоход улсаар нь бизнесийг нь батлан даадаг санхүүгийн том институц гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлон хэлж байсан. Тиймдээ ч энэ үйлчилгээг эх орондоо авъя, хамтарч ажиллая, туршлагаас нь суралцъя гэж ярилцаж тохирсон гэдгээ айлчлалаа дүгнэн ярилцлага өгөхдөө дурьдсан.
Мөн “Япон цунамигийн эрсдэлээс гарахад ийм байгууллагад даатгуулсан байдаг тулдаа богино хугацаанд хохирлоо барагдуулаад гардаг. Непал, Гаити зэрэг улс газар хөдлөлтийн дараах хүнд байдлаасаа гарч чадахгүй байгаа нь санхүүгийн ийм системгүйд байгаа юм. Иймд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг, ган, зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолддог манай улсын хувьд “ЛЛойдс”-той хамтарч ажиллах шаардлага байна гэдэг нь харагдаж байна” гэх Ерөнхий сайдын цөөхөн үгнээс л “ЛЛойдс-ын даатгал, хамтын ажиллагаа манай улсад хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм.
Дараагийн онцлох байгууллага бол Британийн “Эйшиа хаус” байгууллага. Эл байгууллагатай хамтран Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалт зохион байгуулсан юм.
“Эйшиа хаус” нь ашгийн бус, улс төрийн бус байгууллага бөгөөд Азийн орнуудыг төлөөлсөн Британи дахь хамгийн том байгууллага. Уулзалтыг нээж “Эйшиа хаус” байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Лоренс үг хэлэхдээ “Манай байгууллага Монгол Британи хоёр улсын хооронд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно” гэдгээ хэлсэн. Британийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татах, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй компаниудыг холбох, хоёр улсын хамтарсан бизнес арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсад бизнес эрхлэх боломжийн талаар Британийн өндөр чадавхи бүхий хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах зэрэг олон боломжийг “Эйшиа хаус” нээж өгдөг юм билээ.
Монгол улс бол Европын сэргээн босголтын банкны гишүүн орон. Тодруулбал, Монгол Улс 2000 онд тус банкны 61 дэх гишүүн орон болон элссэн аж. Түүнээс хойш Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр нийт 2.070.2 сая еврогийн өртөгтэй 53 төсөл, хөтөлбөр манай улсад хэрэгжсэн байдаг юм байна. Энэ бол манай улсад асар хэрэгтэй хөрөнгө оруулалтуудын нэг.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадны хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа энэ үед хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх хүсэлтийг тавьсан юм. Европын сэргээн босголтын банкны зүгээс хууль зүйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэсэн. Мөн хөрөнгө оруулалтын сангууд, тэр дундаа хувийн хэвшлийг дэмжиж ажиллах чиглэлээр идэвхтэй ажиллахаар болсон юм.
Ямар ч байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн айлчлалын үр дүн эхний байдлаар харагдаж байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой хийсэн уулзалт амжилттай болсон төдийгүй Ерөнхий сайдын хэлсэн “Оюутолгойгоо хөдөлгөлөө, удахгүй Тавантолгойгоо хөдөлгөнө. Араас нь Оюутолгой, Тавантолгойгоос гадна бусад том төслүүд, жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг зөвхөн уул уурхайн биш бусад салбарт ч хөдөлгөх зорилттой. Британийн Засгийн газар дэмжиж, хөрөнгө оруулагчдынхаа ард зогсооч гэсэн саналыг тавьсан. Энэ саналыг нааштайгаар хүлээж авлаа” гэх мэдээлэл юм.
Мөн айлчлалын үеэр “Unic Credit” хөрөнгө оруулалтын компанийнхан Ерөнхий сайдтай уулзаад “Монголд бид лимит тавихгүй, танай үйлдвэрүүд Европын холбооны аль нэгэн улстай хамтарч ажиллахад санхүүжүүлэхэд бэлэн байна” хэмээсэн. “Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоод нүүрсний уурхай барья гэж санал тавьсан, Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах, РиоТинто энэ жил 300-400 ам.долларын хөрөнгө оруулж, ажлаа эхэлнэ гэдэг амлалт, үүргээ хоёр тал хийж байгаа. Ирэх жилээс 1,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт жил бүр хийх дүр зургаа хадгалаад явах болсон гэх зэрэг эерэг мэдээ түгсэн нь Лондоны айлчлалын үр дүн. Өөрөөр хэлбэл Монгол улс руу урсах гадныханы нүүдэл, хөрөнгө оруулалтын салхи эргэчихлээ, баярлалаа Лондон.
Үргэлжлэл бий
Сэтгэгдэл (8)