УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн долдугаар сарын 3-ны өдрийн 06 тоот тогтоолыг хэлэлцсэн байна. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Газрын тосны тухай хуулийн өөрчлөлтийг дэмжсэн байна. Мөн Эрүүгийн хуулийг наадмаас хойш үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөлд тусгасан заалтуудыг намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт саналд нэгджээ.
Дараа нь бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрийг гишүүд хэдэн хувиар хүлээж авсан бэ?
-Ардчилсан намын бүлэг ЗГ-ийн тогтоолын төсөлтэй танилцаж сайтар ярилцсан. Өнөөдөр ирц 27 гишүүнтэй байсан. Ингээд хоёр заалттай шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт ГЗ-ээс өгсөн зургадугаар тогтоол болоод өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан. Хоёр дахь заалт нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн гишүүдэд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан.
-Наадмаас өмнө МАН-ын зургаан сайдыг гаргах уу?
-Наадмаас наана уу, цаана уу гэдэг асуудлыг тодорхой ярьсангүй.
-Гэрээгээ цуцлах эрх нь хэнд байдаг вэ. Танайх гаргая гэхээр МАН гарчих уу?
-АН өнөөдөр олонхийг бүрдүүлж байгаа. Энэ утгаараа шийдвэрийг АН-д санаачлах эрх нь байгаа. Хоёрдугаарт энэ хамтран ажиллах тухай гэрээний баримт бичиг болохоос ямар нэгэн дагаж мөрдөх хууль дүрэм журам биш.
-Ерөнхий сайдыг эзгүйд яагаад ийм шийдвэр гаргав?
-Ерөнхий сайд тухайн үед гадаадад ажиллаж байсан нь үнэн. Ардчилсан намын дүрмийн дагуу ГЗ асуудлаа шийдэх эрхтэй. Тийм учраас чиглэлээ гаргасан.
-Ерөнхий сайд бүлгийн хуралд суухдаа энэ асуудлыг хэрхэн хүлээж авсан бол?
-Ерөнхий сайд бүлгийн хуралд оролцсон. Өөрийнхөө саналыг илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Ямар нэгэн цааргалах асуудал байхгүй.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хамтарч ажилласан. Гэвч МАН-ынхан хийх ажилдаа биш халаа, сэлгээнд ач холбогдол өгсөн. Бүх яам, газрууд доод шатаа хүртэл халж байна гэсэн гомдол ирсэн. Тийм учраас манай гишүүд энэ халаа сэлгээ цаашид үргэлжлэх юм бол тогтворгүй байдал үүснэ гэж ярьсан. 2008-2012 онд хамтарсан засаг барьж байхад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гуай нэг ч хүн халаагүй. Бид энэ байдлаар жишээлж байсан. Гэвч их хэмжээний халаа сэлгээ буюу 600 гаруй хүн халсан байна.
-МАН энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл яах вэ?
-Ардын нам мэдээж хуралдаж холбогдох байгууллагаараа ярих байх. АН, МАН-тай хамтарч ажиллах ажиллагаагаа эрчимжүүлье, баярын өмнө шийдэх асуудлуудаа шийдье гээд МАН-д хандсан. Дөрөвдэхь өдөр хариу өгсөн. Түүн дээрээ бүх зүйл заалтаараа АН-ын буруутгасан байгаа. Тэгэхээр бидний энэ асуудал зайлшгүй асуудал болжээ. Шалтгаан нь харилцан бие, биенээ буруутгахаас өөр асуудал тэдэнд үлдээгүй юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгааа юм. Мөн МАН-ын мэдэгдэлд ажлын хэсгийн ахлагч нар АН-аас байна гэсэн асуудлыг тавьсан байна лээ. АН бол олонхийг бүрдүүлж байгаа нам гэдгийг анхаарах ёстой. АН хамтарч ажиллах санал болгосон үүнийгээ татаж авах эрх нь байгаа. Ажлын хэсэгт намуудаас харьцаагаараа орсон байгаа. Хамтын хүчээр асуудлыг шийдэх гэж оролдсон.
-Засгийн газарт тогтворгүй байдал үүсчихлээ. Анхнаасаа хөөх байсан юм бол яах гэж урьсан юм бэ?
-АН тооцож үзсэн. Өнгөрсөн хугацаанд МАН УИХ-ын чуулганы хуралдааныг тасалдуулах ажиллагааг нийт асуудлын 60 хувьд Засгийн газрын халаа сэлгээ, солих өөрчлөх асуудлыг тавьсан. Үүнээс болоод ажил явахгүй байсан учраас бид засгийн газартаа Ардын намыг хамтарч ажиллах санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцэж байгаа асуудалд гацаа тээг болсоор байгаа учраас ийм шийдвэрт хүрч байна. Үүнээс хойш МАН Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бусад намууд засагт хамтарсан хэвээрээ байх учраас төвөгтэй байдал үүсэхгүй байх.
-Зургаан сайдыг чөлөөлснөөр төрийн албаны халаа сэлгээ зогсоно гэж үзэж байгаа юу?
-Аль нэг намын хүн гэхээсээ илүү төрийн албан хаагч. Энэ хүнийг ажил орох, халах нь хүний ажил, амьдралтай холбоотой учраас хүний асуудалд анхааралтай ханддаг. Энэ дээр хууль зөрчиж томилсон асуудал дээр ярина. Үнэхээр сонгон шалгаруулалтандаа тэндээ тухайн нөхцөл байдалдаа ороод ажилдаа осрон хүнийг халж солино гэсэн юм байхгүй.
Ш.Түвдэндорж: МАН-ыг хөөж, туугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хамтарч ажиллаад үзлээ. Эдийн засгийн хүндрэлээс гарахад нэмэр болсонгүй. Харин өөрсдийнхөө гишүүдийг ажил төрөлтэй болгох асуудлыг хийлээ. Тэгэхээр засгийн газар дээр хамтрах бизнес байхгүй юм байна. Энэ зургаан сайдын асуудал цаашдаа яригдах байх. УИХ-ын бизнес явдгаараа явна. Үндсэн хууль, намуудын хууль, сонгуулийн хууль хүлээгдэж байгаа.
-Таван толгойн гэрээний төслийг дахин өргөн барих гэсэн боловч танай намын дарга хүлээж аваагүй гэж байна. Ер нь цаашдаа намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын үүднээс Ерөнхий сайдыг ч солиж магадгүй гэсэн мессэж нийгэмд гараад байна. Энэ асуудлаар бүлэг хэлэлцсэн үү?
Баярын өмнө том, том хуулиудыг батлаж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ утгаараа намын дарга Таван толгойн төслийг Намрын чуулган руу шилжүүлье. Аажуу, уужуу хэлэлцье, иргэдийг баяр наадмаа тэмдэглэж байхад хулгайгаар баталлаа гэдэг шүүмжлэл ахин дахин аваад баймааргүй байна гэсэн үүднээс намар болтол хойшлуулсан. Түүнээс ямар нэгэн зөрчил үүсээд өргөн браих гэж байгаа хуулийн төслийг хүлээж авахгүй байгаа юм биш.
МАН-ын зургаан сайдыг гаргаж байгаа болохоос бусад намтай хийсэн гэрээ хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ засаг цаашдаа үйл ажиллагаагаа хэвээрээ явуулна.
-МАН-ын зургаан сайдын оронд аль намын төлөөлөл орох вэ. Мөн байнгын ороодын дарга нарын томилгоог шинээр хийх байх?
-Үлдэж байгаа намуудтай хэрхэн хамтарч ажиллахаа талаар нам болон бүлгийн дарга нарт чиглэл өгсөн. Үүний дагуу үйл ажиллагаанууд явна. УИХ-ын асуудлыг өнөөдөр бид яриагүй.
-Засгийн газарт их хэмжээний бонд орж ирж байгаа. Үүний захиран зарцуулалтыг АН дангаараа хийх гэж МАН-ыг засгаас гаргаж байна гэсэн шүүмжлэл явж байна?
Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эдийн засгийг сайжруулах үүднээс янз бүрийн бонд гаргасан. Энэ бодуудын үр шимээр Монгол Улсад хэрэгтэй хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн чиглэлийн үйл ажиллагаанууд маш эрчимтэй явж байгаа. Бондыг үр ашиггүй зарцуулсан гэдэг яриа худал. Үүний үр дүн одоо гарч эхлэж байна. Харамсалтай нь хамтарч ажиллаж байгаа МАН үүнийг үгүйсгэх тактик барьж ажиллаж байгаад л хамаг учир байгаа юм.
-2012-2016 онд тавьсан энэ их гадаад өрийн хариуцлагыг АН дангаараа үүрэх үү?
-Бондыг үр ашигтай зүйлд зарцуулагдсан эсэхээс шалтгаалж өрийг хаах асуудал яригдана. Мэдээжийн хэрэг энд хугацаа хэрэгтэй. Энэ утгаар л бид ажиллаж байна. Түүнээс бонд гэдэг гоё нэр өгчихөөд түүний цаана үр нуугаад байгаа асуудал байхгүй. Өр байх нь байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар, УИХ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдээд явна.
-АН МАН-ыг засгаас гаргах шалтгааныг биднийг муулсан, халаа сэлгээ хийсэн гэж тайлбарлаж байна. Ер нь яг хуулийн төслүүдийг хэлэлцэхэд МАН дэмжихгүй байгаа юм бэ?
-МАН хэлэлцэх ёстой асуудалд саад болоогүй гэж байгаа боловч зөвхөн өөрсдийнхөө өргөн барьсан хуулийн төслүүдийг явуулахын төлөө ажиллаж байгаа. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл байгаа. Тэр дундаа МАН, АН-ын гишүүд олон бий. Асудлыг шийдээд явах бүрэн боломж байсан боловч намын эрх ашгийн үүднээс гацаж байна. Тухайлбал Сонгуулийн тухай хууль. Хамтран ажиллах гэрээн дээр үүнийг тодорхой заасан боловч эргээд ороод ирэхдээ өөр болсон. Энэ нь наад захын жишээ. МАН өөрсдийн бага хурал, бүлгээрээ хэлэлцээд тайлбар өгөх байх. Түүний дараа баримттай зүйлүүд гарч ирэх байх.
Т.Хулан
Сэтгэгдэл (32)