“Мөрөөдөл, тэмүүлэл амжилтын үндэс” гэдэг. “...Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно...” хэмээн битүүхэн мөрөөдөж явсан “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор мөрөөдөлдөө хүрчээ.
Их урлагийн тайзнаа омогшиж явсан тэрбээр уран бүтээлээ туурвихын хажуугаар боловролдоо анхааран хуулийн чиглэлээр суралцаж байсан бол өдгөө “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.
Энэ тухайгаа дуучин бүсгүй “Би шинэ ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. Миний хувьд дуулахын хажуугаар ток шоуны хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байсан.
Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж битүүхэндээ бодсоор ирсэн. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал ирсэн” хэмээн ярьсан байна.
Оюуны өмчийн асуудлаар мэргэшихээр суралцаж буй тэрбээр “Оюуны өмч гэдэг телевиз, дуу хөгжим гээд урлагийн бүх салбарт хамааралтай. Тиймээс өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг хослуулан энэ салбарт хүч үзэхийг хүссэн. Миний хувьд багагүй хугацаанд бодсоны эцэст энэ ажлыг авсан. Гэхдээ цаашид уран бүтээлээ ч гэсэн хийнэ. Намраас хамтлагийн шинэ уран бүтээлээ гаргаж, сонсогчиддоо бэлэг барих болно” гэжээ.
Тэгэхээр тун удахгүй “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболорын хөтлөх ток шоуг бид цэнхэр дэлгэцээрээ үзэх нь.
Босго өндөртэй урлаг хэмээх их айлын хоймор эзлэн уран бүтээлээ туурвисан “Sweetymotion” хамтлагийнхандаа, “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболортоо амжилт хүсье.