Туркийн Истамбул хотын цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан монгол залуу амиа хорлосон талаар манай сайт мэдээлж байсан. Тэгвэл түүнийг Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэх мэдээлэл байгаа юм.
Түүнийг Т.Дамдиндорж гэдэг бөгөөд онц их хэмжээний буюу хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан залилангийн хэрэгт холбогдсон байжээ. Тэрбээр АНУ, Япон, БНСУ-аас автомашин оруулж ирдэг “Гүн бээс”, “Mongolian auto Japan”, “Дэлхийн тамга” гэх компанийн нэрээр 150-иад иргэнийг хохироосон хэрэгт холбогдон, хохирогчид нь “Сэжигтэн гадаад руу зугтсан” хэмээн өнгөрсөн хавар хэвлэлийн бага хурал хийж байжээ. Уг хэргийг 2014 оны есдүгээр сард Баянзурх дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж, сэжигтэн Т.Дамдиндоржийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Гэвч тухайн оныхоо арванхоёрдугаар сард батлан даалтад гараад, оргон зугтсан юм байна. Иргэдэд хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан энэ хэргийг харьяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна.
Тэрбээр оргоод Истамбул хотод “MGL Town” компанийг хууль бусаар ажиллуулан, тэндхийн монголчуудад мөнгөн гуйвуулга, онгоцны тасалбар хямд үнээр худалдах, илгээмж явуулах ажил хийж байжээ. Ингэж явахдаа нутаг нэгт 100 гаруй хүнээс ойролцоогоор 26 мянган ам.доллар залилсан хэрэгт сэрдэгдэн, тус улсын хууль хяналтын байгууллагад саатуулагдаад байжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)