Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарийг баталжээ. Энэ жил 850 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосны 70-аад хувь нь хуушуур, үлдсэн нь бусад төрлийн хунсний бүтээгдэхүүн худалдах аж.
Өнгөрсөн жилүүдэд хийн зуух ашиглахыг хориглосноос цахилгааны ачаалал ихсэж, Төв цэнгэлдэх, Хүй долоон худгийн зарим хэсэгт эрчим хүч доголдсон. Тиймээс энэ жил хуушуур борлуулах эрхтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийн зуух ашиглахыг зөвшөөрсөн юм.
Хуушуур хийх зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд цаасан уут ашиглана.
Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт энэ сарын 11-12-нд монгол хоол сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх зорилгоор “Монгол хуушуур-2015” наадам зохион байгуулна. Энэ үеэр шүүгчдийн баг ажиллахаас гадна иргэдээс санал авч хуушуурыг олон төрлөөр шалгаруулах аж. Түрүүлсэн багт өргөмжлөл мөнгөн шагнал гардуулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.