ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км –ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдсон талаар бид мэдээлсэн. Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч гэх Т-ийн хувийн эзэмшлийнх гэнэ. Тэрбээр Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 18 багшийг Итгэл хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа ийн осолдсон байна. Жолоодлого нь удирдлагагүй болж замын хажуу руу онхолдон 9 хүн гэмтжээ. Монгол улсаас Улаан–Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, Дархан –Уул аймгийн тамгын газрын дарга Чүлтэмбатад хэл дуулгажээ. Үүний дагуу өчигдөр эх оронд нь буцаах арга хэмжээ авсан байна.
Автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй, хувь жолооч өөрийнхөө хувийн автобусаар компанийн нэр дээр зөвшөөрөл авсан байжээ.
Д.Дуулим