“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд Чингисийн талбайд ёслол төгөлдөр болно. Жагсаалын бэлтгэл ажлын хүрээнд 2015.07.07-ны 04.00 цагт буюу өнгөрсөн шөнө цэргийн ёслолын жагсаалд оролцогчид маань Чингисийн талбайд бэлтгэлээ чамбайруулав. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командлана. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байна. Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, БХИС, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, ОБЕГ-ын 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Тэд энэ сарын 9-ний шөнө мөн адил Чингисийн талбайд бэлтгэлээ дахин базаана.
Т.Энхэлээ