Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2-р ажлын хэсэг 3.9.19 дүгээр хорооны 248 аж ахуйн нэгж байгууллагын ажилтай 14 хоног тутам танилцаж, үнэлгээ өгч байна. Уралдаан эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүд нийт 381 сая төгрөгийн тохижилт хийж, 2700 кв. метр газарт ногоон байгууламж шинээр бий болгосон.
Тохижилт, цэвэрлэгээг сайн хийж, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн 19 аж ахуйн нэгж “Smile” наалт авсан. Эдгээр аж ахуйн нэгжээс “Vidal” үсчин, гоо заслын салон үүдний талбайгаа тогтмол савандаж угааж хэвшин , үсчид нь хамтран цэцгийн мандлын суурь хийж, цэцэг тарьсан.
Монгол глобал ХХК-ийн “Саруул” худалдааны төв нь үйлчилгээний барилгынхаа гадна талыг засаж сайжруулах, хаяг, сурталчилгааны хулдаасан самбаруудыг угаасан. Мөн бөөний худалдааныхаа павилонуудын өнгө үзэмжийг сайжруулж, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийж, тохижилтонд нийт 22,3 сая төгрөг зарцуулаад байна.
Харин болзолт уралдаанд санаачлага гарган идэвхтэй оролцоогүй, барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ маш муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй 22 аж ахуйн нэгж “Гахай” авлаа.