Аялал жуулчлалын компаниудын автомашин осол аваар гаргаж жуулчид амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн өдрүүдэд огцом өслөө. Урин дулааны үеэр аль ч улсад жуулчлал эд өрнөдөг. Тэр дундаа манай улсад ирэх жуулчдын тоо хэд дахин өссөн талаар албаны хүмүүс онцолсон. Ойрын өдрүүдэд л гэхэд Монгол наадам үзэх сонирхолтой мянга мянган жуулчин манай улсыг зорин ирж байгааг олон нийт анзаарч байгаа байх.
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр аялал жуулчлалын компаниуд ажилдаа хариуцлагагүй хандаж, гадныханд айдас төрүүлж буйг нуух юун.
Өөрөөр хэлбэл, аялахаар ирсэн гадаадын жуулчид манай улсад осол аваарт орж байгаа нь яахын аргагүй хөндөх, сэрэмжлүүлэх сэдэв болоод байна.
Өнгөрсөн ням гарагт л гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Ногоон довын даваа гэх газарт Монголд аялахаар ирсэн хоёр жуулчин амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Тэдний хувьд Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар аялахаар зорьж явсан байдаг.
Гэвч автомашин нь осолдож Голланд улсын иргэн 35 настай эмэгтэй С, 50 настай эрэгтэй Ж нар харамсалтайгаар амиа алдсан юм. Талийгаачдын хувьд эхнэр, нөхөр байсан талаар эх сурвалж мэдээллээд байна.
Тухайн үед аялал жуулчлалын компанийн жолоочоор Баянгол дүүргийн XIX хороонд оршин суух 46 настай Ж гэх иргэн явж байсан бол аялал жуулчлалын компанийх нь нэр тодорхойгүй байсаар байна.
Албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр автомашины жолооч замын тойрог руу хурдтай орсноос болж замын хажуу руу шидэгдсэн байх магадлалтай аж. Хэргийг Төваймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн авто замын 380 дугаар шонгийн дэргэд хар өнгийн “Ниссан экстриал” маркийн автомашин онхолдож, ослын улмаас БНХАУ-ын иргэн 32 настай эрэгтэй Х, 25 настай эрэгтэй Х нар нас барсан байна. Энэхүү осол мөн л хурд хэтрүүлснээс үүдэлтэй байж болзошгүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Энэ мэт туршлага муу, аюулгүй байдлыг баримталдаггүй компаниудаас болж Монголын аялал жуулчлалын салбарын нэр хүнд унаж эхлэх нь. Учир нь осол аваарын уршгаар жуулчид ямар байгууллагад хандаж, аюулгүй үйлчлүүлэх вэ гэдэг дээр айдастай явах болсоныг учир мэдэх хүмүүс онцолж байгаа юм.
Тиймээс холбогдох албаны хүмүүс бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүй муу машинтай, хариуцлага, туршлагагүй жолооч ажлуулдаг аялалын компаниудад анхаарал хандуулж, хяналтаа тавих хэрэгтэй байна. Тэд жуулчдыг хүн биш мөнгө мэтээр харж, аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй байгаа юм биш биз?
Адаглаад хурд хэтрүүлж давхидаг жолооч, хээр машин нь эвдэрч жуулчдыг эрсдэлд оруулдаг гэх мэт олон арван өргөдөл гомдлууд холбогдох яаманд ирдэг гэх. Энэ нь цаанаа аюулыг дуудаж буй дохио юм биш үү?
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)