Наадмаар зөрчилтэй, зөвшөөрөл аваагүй компаниуд барилгын ажлаа эхэлдэг, үргэлжлүүлдэг тул мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагын хамтарсан ажлын хэсэг үүнд хяналт тавихаар болжээ. Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийн асуудал болон удахгүй болох наадамтай холбоотойгоор нийслэлийн ажлын хэсэг шуурхай хуралдлаа. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Улаанбаатар хотын нутагт барьж байгаа болон газар шорооны ажлаа эхэлсэн 78 барилга байна. Үүний 59 нь барилга байгууламж, 19 нь газар шорооны ажлаа эхэлсэн байгаа юм. Эдгээрээс ажил эхлэх зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлгүй зэрэг зөрчил илэрсэн. Тэр бүрт улсын байцаагчийн эрх зүйн акт гаргаж, хүргүүллээ. Мөн ухсан газрын эзэн нь тодорхойгүй байсан тул Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тогтоолгохоор хандсан” гэв.