УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн гол агуулга нь Засгийн газар улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажил, олон улсын болон бүс нутгийн чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинээр зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа аж. Ингэхдээ Майдар хот, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал зэргийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү хууль чиглэх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим гишүүд саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Уг хуулийг энэ удаад дэмжээд явуулъя. Хэрвээ хэрэгжих явцад иргэдийн эрхийг зөрчсөн асуудал гарвал уг өөрчлөх хуулийн төслийг шууд санаачлахаа хэлье. Хүний хувийн өмчид хамаагүй дураараа халдаж болохгүй. Бүх хөрөнгөөрөө хаус барьчихаад байхад нь дахин төлөвлөлтийнхөн ирээд 80 хувийн санал гэдгээр далимдуулж газрыг нь тухайн иргэнд ашиггүйгээр авч болохгүй" гэсэн юм.
Ингээд уг хуулийг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)