Манай улсын нийтийн тээврийн үйлчилгээ төгс болж, иргэд ая тухтай орчинд дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг авдаг болно гэдэгт иргэд эргэлзэж байна.
Нийтийн тээврийг шинэчлэх ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн иргэд автобусаар цахим картаар үйлчлүүлэх ёстой.
Гэтэл нэлээд их хөрөнгө мөнгө зарж хийгдэж буй энэ ажлын бэлтгэл тийм ч хангалттай байсангүй бололтой. Өглөө гэрээсээ гарч автобусны буудал орчмоор байгаа иргэдтэй уулзаж, картаар үйлчлүүлэх ёстой гэдгээ мэдэж байгаа эсэхийг тодруулахад “Уг нь бол сонссон. Гэхдээ тэр карт нь олдохгүй юм билээ. Автобусанд суухын тулд нөгөө картыг нь эрээд явах цаг зав байхгүй л байна. Ер нь бол энэ ажил хий хоосон мөнгө үрсэн ажил л болох байх даа” гэцгээн картын үйлчилгээг тийм ч сайнаар хүлээж авахгүй байгаагаа хэлцгээж байлаа.
Түүнчлэн “Автобусны хүн нь дүүрчихээд кондуктор нар нь урагшаа шахаад өг, хүн нь багтахгүй байна гээд орилоод байхад хар амиа бодоод зогсоод байдаг хүмүүс кондуктаргүй байхад ч ёстой дураараа эзэгнэцгээх байх даа. Иргэдийн ухамсарыг дээшлүүлэх ажлыг эхлээд хийчихээд дараа нь энэ ажлаа эхлүүлсэн бол үр дүнтэй байх байсан” хэмээх иргэд ч байсан юм.
Мэдээж нийтийн тээврийн энэхүү шинэчлэлийн ажил нь анхных болохоор иргэд тийм сайнаар хүлээж авахгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ “Гараа сайн бол бариа сайн” гэдэгчлэн ажлыг эхнээс нь үр дүнтэй, зохион байгуулалттай хийвэл хэрэгжилт нь ч сайн байх ёстой баймаарсан.
Гэтэл энэ ажил амьдрал дээр тийм ч сайн хэрэгжихгүй бололтой гэсэн харамсалтай бодол иргэдтэй уулзах мөчид төрж байсныг нуух юун.
Автобусанд сууж иргэд картаар үйлчлүүлж байгаа эсэхийг сонирхохоор нийтийн тээврийн 41 номерын автобусанд сууж, картаа уншуулаад орлоо.
Уг нь бол карт уншуулаад үйлчлүүлж болохоор л санагдав. Кондукторт 500 төгрөгөө шүүрүүлж, тасалбар авсанаас арай боломжийн, басхүү сонирхолтой санагдаж байв. Автобус дүүрэн шахам хүмүүсээс тоотой хэдхэн хүн л картаар үйлчлүүлж байгаа харагдав.
Харин бусад хүмүүс нь кондукторт мөнгөө хураалгаад л жирийн өдрийн адил л үйлчлүүлж байлаа. Уг нь өнөөдрөөс эхлэн картаар үйлчлүүлэх ёстойг кондуктар сануулах нь бүү хэл энэ талаар дурсах ч үгүй байлаа. Тиймээс кондуктораас цахим картаар үйлчүүлэх ажил өнөөдрөөс эхлэнэ биз дээ. Энэ ажил ер нь хэр хэрэгжих юм шиг байна хэмээн асуувал “Ёстой хэлж мэдэхгүй байна. Иргэд бол тийм ч сайнаар хүлээж авахгүй байгаа шүү дээ. Энэ ажил амьдралд яг хэрэгжих хүртлээ нэлээд удах л байх даа” хэмээв.
Улаанбаатар смарт компаниас “Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийт 1170 автобусанд цахим машиныг суулгахаар төлөвлөж, суулгалтын ажил дуусаад байгаа. Энэ ажлыг эхлүүлэхэд ямар нэгэн хүндрэл байхгүй. Хугацаандаа эхлэх боломжтой” хэмээцгээж байсан. Харин картын борлуулалт тааруу байгаа тул иргэдийг цахим карттай болох хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулахаар байрлуулсан. Үйлчлүүлэгчид цахим карт худалдаж авах хүртэл бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж боломжтой гэх мэдээлэл ч тийм ч бодитой биш бололтой. Бидний үйлчлүүлсэн автобсанд л лав тийм хайрцаг байхгүй байсан юм.
Иргэд "U money" картыг 3600 төгрөгөөр худалдаж авна. Картыг нэг удаад 500-90 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Автобусны буудлын ойролцоох 450 цэгээр ухаалаг карт худалдан авах, цэнэглэх үйлчилгээг үзүүлэх юм. Ихэнхдээ автобусны буудал дээрх ТҮЦ-ээр худалдаалах аж.
Цахим карт нь таван төрөлтэй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэдэд зориулсан төрөл бий. Иргэд картаа мартсан тохиолдолд бэлэн мөнгөө зориулалтын саванд хийж автобусаар зорчих боломжтой. Харин оюутан залуус картаа Оюутны холбооноосоо авах бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дүүрэг, хорооноосоо авах юм.
Ямартай ч нийтийн тээврийн шинэчлэлийн энэхүү ажил амьдралд төгс хэрэгжвэл манай улсын нийтийн тээврийн үйлчилгээ нэг ч гэсэн алхамаар урагшлах боломж бүрдэх юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (23)