Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор усан хөшиг хийсэн.
Шөнийн цагаар гэрэлтэх Арслантай гүүрний усан хөшигний нээлт саяхан болсоныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл усан хөшиг иргэдэд сэтгэл ханамж авчирсангүй. Харин ч эсрэгээрээ хэл ам дагуулж эхэллээ.
Учир нь Арслантай гүүрний усан хөшгийг сонжихоор ирсэн иргэдийн тухайд “Нийслэлийн захирагчийн албаныхан ард иргэдийг доромжилж байна. Монголчууд соёл, хөгжил мэдэхгүй учир ийм зүйл хараад л сэргэх болно гэж бодсон бололтой. Өндөр өртгөөр улсын төсвөөс мөнгө зарж хийсэн усан хөшиг нь учир дутагдалтай, өнгө үзэмж ч муутай байна” хэмээж байв.
Нээлтийн арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Усан хөшиг нь харахад энгийн мөртлөө тоосжилт, эрүүл ахуйд нөлөөлж байгаа бусад сөрөг зүйлүүдийг бага ч болов бууруулах ач холбогдолтой. Бид цаашид Маршил, Дунд гол зэрэг гүүрэнд усан хөшиг хийж тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэж хэлж байсан.
Хэдий тоосжилтыг бага зэргээс бууруулах зорилготой ч хаашдаа өчнөөн мөнгө заран байж хийсэн эдгээр зүйлсээ чанаржуулах хэрэгтэйг иргэдийн зүгээс учирлаж байна.
Арслантай гүүрний хоёр талаас труба татаж, лед гэрэл, хоёр мотор тавьсан үзэмж баталгаа аль аль нь муу энэхүү усан хөшигт 70 саяыг зарцуулсан гэж байгаа.
Өмнөх Зайсангийн гүүрний усан хөшиг ч ийм хэмжээний өртгөөр хийгдсэн гэж байгаа. Харин дараа нь Маршал, Дунд голын гүүрэнд 70, 70 саяын усан хөшиг хийгдэхээр төлөвлөгдөж байна.
Тэгвэл энэ бүхэн иргэдийг бухимдлыг дээд цэгт нь хүргэх нь. Далан сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Энэ хэмжээний мөнгөөр “нүглийн нүдийг гурилаар хуурсан” башир арга хэрэглэж, болхи ажил зохион байгуулж буй хүмүүст холбогдох газрууд анхаармаар байна.
Хийсэн ажил нь шүүмжлэл дагуулаад ирэхээр нэг нэгэнрүүгээ чихэж, өөрсдийгөө хаацайлж байгаа байдал “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, Нийслэлийн захирагчийн ажлын алба аль альнаас нь харагдаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (91)