МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас болно. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, ерөнхий шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцоно.
Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар буруутган яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр болоод байгаа билээ. Мөн түүнтэй хамт До.Чулуунбаатар Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарыг шүүх юм. Тэдэнд яллах дүгнэлтийг энэ сарын 18-нд, харин МАХН-ын дарга Н.Энхбаярт яллах дүгнэлтийг өнгөрсөн даваа гаригт гардуулсан билээ.
Хэдийгээр тэдэнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдоод байгаа ч тодорхой хэдэн шалтгааны улмаас хойшлох магадлалтай болоод байгаа юм.
Учир нь өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудаж, зүрхний хэм нь алдагдсан талаар МАХН-аас мэдээлсэн юм. Мөн босож явж чадахгүй байгаа учраас өнгөрсөн мягмар гаригт болсон намынхаа бага чуулган дээр очиж чадаагүй хэмээн мэдэгдсэн юм. Түүний өнөөдрийн шүүх хуралд оролцох эсэхийг эмч нар нь мэднэ хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн ч эх сурвалжийн мэдээлснээр тэрээр биеийн байдал муу хэмээн шүүх хуралд очихгүй гэлээ.
Мөн түүний биеийн байдлаас гадна Н.Энхбаяр болон өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхлээгүй байгаа аж. Энэ талаар “Сүхбаатар дүүргийн шүүхээс цаг байхгүй хэмээн тэднийг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй” хэмээн мэдээлж байсан билээ.
Тэгэхээр өнөөдөр түүний шүүх хурал уг хоёр үндэслэлээс болж, хойшлох магадлал өндөр байгаа аж. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг сонгуулиас өмнө яллана хэмээн мэдээлж буй.
Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 150.3-т эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, 263.2-д тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (1116)