Алс холын Америк тивийн Аргентин, Азийн Монгол хоёр ихэр юм шиг адилхан болж буй. Юугаараа вэ?
Аргентин хөл бөмбөгөөрөө алдартай. Манайх ч бас Азидаа алдартай. Өөрийнхөө хаалганд хамгийн олон гоол алдсанаараа алдартай юмдаг. Марадонаг мэдэхгүй монгол хөл бөмбөгч болоод энэ спортыг сонирхогч гэж лав байхгүй биз. Бид харин өөрсдийнхөө хөл бөмбөгчдийг танидаггүйгээрээ онцлогтой. Энэ орон бас тангогоороо алдартай. Бид ч бас уран нугаралтаа бүжиг гэвэл алдартай л улсын тоонд орж таараа. Тэгэхээр спорт, урлагын салбарт бид хоёрыг ижилсүүлэх юм бараг алга болоод ирж байгаа юм. Тэгвэл юугаараа адилхан гэж? Улстөрийн популизм, эдийн засгийн дампуурал хоёроороо тун адилхан болоод байна. Үүгээрээ ч хоёулаа даян дэлхийд алдар цолоо тун удахгүй дуудуулж магадгүй болжээ.
Буэнос-Айресийн төвд байх нэгэн байшин 160 метр өндөр юм гэнэ лээ. Нэгэнтээ тус улсын хөгжлийн хэмжүүрийг энэ байшинтай адилтгадаг байв. Энд Аргентины хамгийн том нефтийн компани байрлах бөгөөд тэр нь испаничуудын мэдэлд байсан ч орон нутгийн засаг захиргаа түүнийг өөрийн өмчөө болгоод дөрвөн жил гаруй болжээ. Гэтэл нөгөө өндөр байшингийн хаалга Испанийн Репсол компанийн менежэрүүдийн өмнө хаагдсантай зэрэгцээд дэлхийн олон орны хөрөнгө оруулагчдын аргентинчуудад итгэх итгэл аажмаар алга болж эхэлсэнийг Аргентины удирдлага анзаараагүй байдаг. Үүний тухай манай нэртэй нийтлэлч Баабар тун тодорхой өгүүлээд хувь заяаны шоглоом байсан тухай олонтаа бичсэн тул өнгөрөөе.
Эдүгээ 20 гаруйхан жилийн өмнө Аргентинийг эдийн засгийн неолиберал шинэчлэлийн “эцэг” хэмээн дуудаж байсан явдал үлгэр мэт ард үлдэж, энэ орон төлбөрийн чадваргүй болсноор цаашдаа оршин тогтнох эсэх, тэр ч бүү хэл байх байхгүй нь тун бүрхэг харагдаж эхлэв. Тиймээс эдийн засгийн хувьд сүйрч буй гэгдэх Грекийн дараа бичигдэн, энэ жагсаалтыг манлайлагчдын тоонд орлоо. Авсан зээл, гаргасан бонд нь хэрээс хэтэрч, замбараагаа алджээ.
Ингэхэд 1989 онд засгийн эрхийг авсан, энэ улсын хоёр дахь ардчилсан Ерөнхийлөгч Карлос Менем хунтуудын 30 жил дураараа дургиад элгээр нь хэвтүүлж орхисон эдийн засгаа өөрчлөн аврахаар олон арга хэмжээ авсан байдаг. Тэрбээр гадаадын капиталд өвөр түрийгээ бүрэн нээж өгөв. Импортын болоод гаалийн албан татвараа үлэмж багасгалаа. Бизнес хийхэд тулгардаг байсан засаг захиргааны хүнд суртлыг халав. Өөрийн мөнгөн тэмдэгт песогоо 1:1 гэсэн маш хатуу харьцаатайгаар уяжээ. Мөн хувьчлалыг өргөн хэмжээгээр явуулж, үүнд стратегийн зориулалттай салбаруудаа ч хамруулсан байдаг. Ингэсний үр дүн ч гарав. 1989 онд тус улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 8,8 тэрбум доллар байсан бол 1997 онд 36 тэрбум болж, 1991-1997 онд эдийн засаг нь жилд дунджаар 6,1% өссөн үзүүлэлт гарчээ. Энэ бол тивийнхээ хэмжээнд тогтоосон дээд амжилт хэмээн тооцогдож, дэлхий нийт Аргентины “гайхамшгийн” тухай ярьж эхлээд байлаа. Тэр ч бүү хэл дэлхийн хамгийн хүчтэй эдийн засаг бүхий 10 орны тоонд ороод байсан гээд бод доо.
Гэвч удалгүй энэ амжилт нь Аргентины удирдагчдын харалган бодол, эдийн засгийн нь хуучин архаг “өвчний” улмаас аажмаар алгуурхан доошилж эхэлсэн байдаг. Үүнд Аргентинаас хамааралтай орнуудад болсон эдийн засгийн хямрал, авилга, татварын асуудал зэргээс гадна дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нийт орлогоос давсан төрийн зардал нь нөлөөлжээ. Энэ зардал улсынхаа өрийн харьцааг алдагдуулснаас 2001 онд ОУВС зээл өгөхөө татгалзсанаар Аргентин төлбөрийн чадваргүй буюу дефолте болсноо зарласан байна. Тэр үед тус улсын өр 132 тэрбум болоод байсан гэдэг.
Хэдийгээр өнгөрсөн 10 гаруй жилд Аргентины ДНБ бага багаар өсч буй гэгддэг ч эдийн засаг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ экспортоос хамааралтай хэвээрээ байна. Тиймээс Ерөнхийлөгч Кристина Фернандес нийгмийн халамжийн популист бодлого явуулан өөрийнхөө нэр хүндийг хадгалж байна гэсэн шүүмж тасардаггүй юм. Ер нь тус улсыг ямар алхам хийвэл дампуурлын зам дээр эргэлт буцалтгүйгээр дууштайгаар гардагийн хамгийн сонгодог жишээ болгоё оо хэмээн дэлхийн нэртэй эдийн засагчид мэдэгдэх болжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Кристина Элизабет Фернандес де Киршнер
Ингэхэд 2001 онд дефолте зарласны дараа хамгийн их хохирсон хүмүүс гэвэл тус улсын иргэд юм. Яагаад гэхээр улсын болоод хувийн сектор нь иргэдийнхээ төлөө хийх юмгүй болов. Тиймээс хувь хүмүүст зөвхөн өөрөө өөрийгөө ямар нэг байдлаар аргалах хэрэг тулгарлаа. Гэтэл нөгөөдүүл нь халамж аваад сурчихсан учир бас юу ч хийж чадахгүй болтолоо дордож, нэг ёсондоо тэжээвэр мал шиг болсон байв. Ингэснээр тус улсын хүн амын 54% нь туйлын ядуус болж хувирсан байдаг. Мөн хамгийн гол нь сайн сайхан амьдрана гэдэгтээ тун итгэлтэй байсан олон мянган аргентинчуудын амьдрал бүрэн утгаараа хоосон мөрөөдөл болон хувирч, цашаа хэрхэн яаж аж төрөхөө олох ухаан бодлын мухардалд орсон байлаа. Учир нь ерөөсөө л 80 гаруйхан жилийн өмнө энэ тивдээ газар нутгийнхаа хэмжээгээр хоёрт, хүн амаараа гуравт жагсдаг, дэлхийд тэргүүлэх чиглэлийн орны тоонд орж асан Аргентин төлбөрийн чадваргүй болсноо зарлаж, дампуурлын ирмэг дээр тулж очсон явдал байв.
Аргентин агуу их баян орны тоонд тооцогдож эхэлсэн 1880-1930 онд тэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ экспортыг үлэмж хэмжээгээр нэмсэн явдалтай холбоотой гэж үздэг. Мөн Европоос цагаачид олноороо ирж, хамгийн гол нь улстөрийн хувьд тогтвортой байжээ. Мөн эдийн засгийн бүтэц нь Канад, Австралитай адилхан байсан явдал нөлөөлсөн гэдэг юм. Гэвч...Удирдагчид нь олон жилийн турш буруу бодлого явуулснаар цаашдынхаа түүхийг арай өөр өнгө аяс, арай өөр утга агуулгаар бичигдэх хэмжээнд аваачсан байна. Ингэхэд аргентинчууд ямар алдаа гаргав аа?
Юуны өмнө тэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдээ шүтсэн эдийн засгаа өөрчилж, хүний хүчин зүйл, технологийн шинэчлэл, төгөлдөршил дээр суурилсан эдийн засагт шилжиж чадаагүйгээрээ алдсан хэмээн шинжээчид дүгнэсэн байна. Ингэж чадаагүйн нэг шалтгаан нь улстөрийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлж чадаагүй явдал гэж үзжээ. Мөн үүнийг ухаалаг улстөр бус 1946-1955, 1973-1974 онд засгийн эрхэнд байсан Хуан Пэроны явуулсан халамжийн бодлого буюу популизмтэй холбодог. Үнэгүй сургалт, халамжийн мөнгө, оюутнуудын цалин, уурхай ухсаны урамшуулал, үйлдвэрчний эвлэл гээд энэ жагсаалт манайханд тун танил харагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Үүнийг “пэронизм” ч гэж нэрлэх явдал бий. Хамгийн их гай болж байсан зүйл нь тэр үед пэронистуудын дэмжлэггүйгээр сонгуульд ялна гэдэг үнэндээ үлгэр домог байв. Перонистууд нь төрд гараад ирэхээрээ зүгээр байхгүй бужигнуулаад хаячихна. Тухайлбал, 2003 онд Пероны удмын Киршнер төрийн эрхэнд гараад энэ улсын улстөр хоёр жил бужигнаснаар таван удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулжээ. Ингээд 2007 онд Нестор Киршнерийн оронд түүний эхнэр Ерөнхийлөгчөөр сонгогдов. Одоо энэ бүсгүймөн л хөдөө аж ахуйн экспортоороо хямралаас гарна гэж тооцоод зүтгэж явна. Гэхдээ популизм хийдэг өмнөх уламжлалаа огт мартдаггүй. Гээдэг ч үгүй. Тэрбээр зүүний залуучууд болоод нэн ядуучууддаа халамж олгон, нэр хүндээ өсгөж, улмаар өөрийгөө хүрээлүүлэхээ мартдаггүй юм. Харин томоохон төслүүдэд хөрөнгө оруулах, дэд бүтэц, тээвэр, эрүүл мэнд зэрэг улс гүрнийхээ амин чухал асуудлыг ор тас мартдаг. Энэ зуур хэрэглээ болоод цалингийн бодлого үнийн өсөлттэйгөө байнга өрсөлдөх болсноор өдгөө л гэхэд мөнгөний ханш уналт Аргентиныг дахин сүйрлийн ирмэгт аваачжээ.
Энэ асуудлыг шийдэхийн тулд долларт тун ширүүн хандаж байна. Мөн төр нь эдийн засагтаа ихээхэн оролцох боллоо. Тиймээс ОУВС, Дэлхийн худалдааны байгууллага ч тэдний явуулж буй бодлого аль ч талаас нь харсан хэр хэмжээнээсээ хэтэрч байгааг тухай бүр анхааруулсаар, хориг арга хэмжээ авахаа мэдэгдсээр ирсэн байдаг. Энэ бүгдийн үр дүнд Аргентинаас хэдэн арван тэрбум доллар гадагшаа гарчээ. Эцэст нь нэг зүйлийг онцолход Аргентиныг хэзээ ч ойчихооргүй байсан хар нүхэнд өөрсдөө унаж, одоо түүнээсээ сугаран гарахыг оролдож байгаа ард түмэн гэлцэх болсон байна. Мөн өрсөлдөх чадваргүй болсон эдийн засаг нь энэ нүхнээс гарна гэсэн найдлагыг донор орнуудад огтхон ч төрүүлэхгүй байна. Гэхдээ донор орнууд нэг зүйлд тун их “сайшааж” байгааг хэлэх хэрэгтэй. Тэд Аргентиныг энэ дэлхийн бүх улс гүрэнд улстөрийн популизм ямар хортой, түүнээс салах ямар хэцүү болохын дээр асар их боломж бүхий орон буруу бодлого явуулбал хэрхэн сүйрдэг талаар нэг ёсондоо эдийн засгийн хичээлийг үнэгүй зааж өглөө хэмээн “сайшааж” буй. Мөн нэгэн цагт энэ газар нутагт зүгээр л сайн сайхан амьдрах гэж ирсэн аргентинчууд өнөөдөр бүгдээрээ улстөрчид болсны гай гэдэг юм.
Одоо эрхэм уншигчид манай хоёр улс юугаараа адилхан болоо вэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй анзаарсан байх. Үйлдвэрчний эвлэл, гурвалсан гэрээ, хүүхдийн 100, гэр бүлийн 500 мянга, үнэгүй тээвэр, оюутны цалин, төлбөргүй эмчилгээ, ноосны урамшуулал, махны мөнгө, уурхайн хувьцаа, үнэгүй хүнс, хямдралтай эрчим хүч гээд манайд яг л ийм бодлого явж ирсэн. Явж ч байгаа. Өнгөрсөн хугацаанд МАН ч яг ийм бодлого явуулж ирэв. Яг Аргентин шиг. Манайд ч зөндөө пэронистууд төрсөн. Яг Аргентин шиг. Одоо ч олон пэронистууд байна. Яг Аргентин шиг. АН мөн ийм бодлого барихгүй бол сонгуульд ганц ч суудалгүй үлдчих гээд байсны зовлонг эдэлж ирсэн. Яг Аргентин шиг. Одоо ч ийм бодлого явуулахгүй бол ялагдчих гээд байгаа нь үнэн. Яг Аргентин шиг. Тэгэхээр яваандаа энэ бүхэн “Галуу” Аргентиныг дууриаж “хэрээ” Монгол хөлөө хөлдөөв гэсэн адал явдлын юм бичигдэж, ертөнцийн жишээ болсон энэ орны ард нэрээ сийлэх магадлал тун ойрхон харагдаж байна. Үүнийг ч ирэх сонгуультай холбоо бүхий өнөөдөр өрнөж буй үйл явц улам тод харуулах болж. Сонгуулийн хууль, Үндсэн хууль гээд л дээгүүр шуугиад эхэллээ шүү дээ. Бид ч аргентинчуудаас ялгаагүй уг нь энэ нутгийнхаа газар шороон дээр сайн сайхан амьдрах гэж л бурхнаас илгээгдсэн хүмүүс. Гэтэл одоо бүгдээрээ улстөрч болсон. Яг аргентинчууд шиг.
Д.Гал
Сэтгэгдэл (6)