Монгол хүн бүрийн сэтгэлийг догдлуулж, цэнгэлийн жаргал эдлүүлдэг эрийн гурван наадам сүүлийн жилүүдэд утга учраа алдаж эхлэв.
Бөх нь зодоонтой, морь нь хэрүүлтэй нааддаг буруу заншил хэдийнэ тогтжээ.
Хамгийн сүүлд л гэхэд Увс аймаг 90 жилийн ойгоо “Монгол бөхийн баяр” нэрийн дор зохион байгуулж, нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулсан ч эцсийн дүндээ монголчуудыг талцуулж, хэрүүлийн алим шидчихлээ.
Увс аймгийн 90 жилийн ойн бөхийн барилдааны зургаагийн даваанд Н.Батсуурь арслан, Б.Пүрэвсайхан харцага нарын хооронд болсон зохисгүй авир бөх сонирхогч нарыг талцуулж, бяцхан “дайн” дэгдээв.
Ийнхүү өгүүлэхийн Улсын арслан Н.Батсуурь зургаагийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын харцага Б.Пүрэвсайханыг амлаж барилдахдаа нүүр, шанаа руу нь гараараа хэд, хэдэн удаа дэлсэх үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээнд томоохон шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Мэдээж бөхөө хайрлаж хүндэлдэг монголчууд өөр өөрийн шүтэж, эрхэмлэж явдаг бөхчүүдээ өмгөөлж хамгаалах нь буруу зүйл биш.
Харин зүлэг ногоон дэвжээ, нутаг усаа үл хүндэлсэн бөхчүүдийн жудаггүй авир хэрээс хэтэрснийг тэдний энэ удаагийн зохисгүй үйлдэл гэрчлэв.
Монгол бөхийн дүрэм журам, жудаг ёсыг уландаа гишгэсэн Улсын арслан Н.Батсуурийн энэ удаагийн үйлдэл анхных нь биш юм.
Тэрбээр наадмын түрүү авдаг жилээ Улсын заан Ч.Санжаадамбын завьжнаас татаж, бас л зохисгүй үйлдэл гаргаж байсан. Гэвч Монгол бөхийн холбоо түүний энэ үйлдлийг сайшаасан мэт ямар нэгэн арга хэмжээ авахгүй намжаасан нь 90 жилийнхээ ойг “баастаж”, наадамчдын дургүйцлийг төрүүлэх алхамыг бүрдүүлсэн гэлтэй.
Тухайн үед ёс зүйгүй авирласан түүнд хатуухан арга хэмжээ авсан бол дахин ийм жудаггүй үйлдэл гаргахгүй байсан болов уу. Гэвч бөхийн холбоо түүнийг толгойг илж, зүлэг ногоон дэвжээн дээрээ жудаггүй үйлдэл гаргасан ч ямар нэгэн хариуцлага тооцдоггүй мэт ойлголт төрүүлсэн нь түүнийг өөгшүүлсэн хэрэг болов.
Харин Б.Пүрэвсайхан харцага өмнө нь барилдах эрхээ хоёр сараар хасуулж байсан аж. Наадмын дэвжээнд ч, зааланд ч тэр учраа бөхдөө ёс зүйгүй зан гаргасан гэж Бөхийн холбооноос шийтгэл оногдуулж байсан байна. Мэдээж өмнө нь шийтгэл хүртэж байсан тэрбээр Н.Батсуурь арслангийн хариуг барьсан ч зодоон болгоогүй намжаасан. Энэ нь ёстой л “Хашир хүн гэж байдаггүй, хаширсан хүнийг л хашир хүн гэдэг” үгийг өөрийн эрхгүй сануулав.
Сүүлийн жилүүдэд Монгол бөхийн жудаг, ёс зүй гэх зүйл бараг үгүй болжээ. Монгол бөхийн түүхэнд үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ дархан аварга Г.Өсөхбаяр дархан аварга А.Сүхбатыг тийрч наадамчин олны бухимдлыг төрүүлж байсан.
Ер нь Монгол бөхийн холбоо эхнээсээ л бөхийн дүрэм журмаа хатуу баримталж, ёс зүйгүй авирласан бөхчүүдэд хатуухан арга хэмжээ авдаг байсан бол энэ жудаггүй үйлдэл өнөөдөр ингэтлээ газар авч өөр хоорондоо талцаж, “дайтахгүй” байсан.
Монгол бөхийн холбоо ёс зүйгээ уландаа гишгэсэн бөхчүүддээ ердөө 2 сараас 4 сараар барилдах эрхийг нь хасч, зарим тохиолдолд бөхийн байг нь хураадаг шийтгэл л ногдуулдаг байна.
Тухайлбал Ардчилсан хувьсгалын 23 жилийн барилдааны үеэр улсын начин Р.Пүрэвдагва улсын харцага Б.Пүрэвсайхан нарын дунд багагүй маргаан өрнөж, олон нийтийн өмнө жудаггүй зан гаргасан билээ. Учраа бөхийнхээ шанаа болон ар шил рүү цохиж, олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргасан улсын начин Р.Пүрэвдагвын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж байсан билээ. Харин улсын начин Б.Пүрэвсайханыг улсын баяр наадмын зургаагийн даваанд учраа бөхийнхөө гэдэс рүү тийрч, наадамчдын өмнө зүй бус авирласан учраас барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж тав давсан бөхийн байг хурааж, баяр наадмын төсөвт буцаан тушаах шийдвэрийг гаргаж байсан юм.
Бөхчүүдийн энэ мэт үйлдэл үүгээр дуусаагүй. 2013 онд Усан могой жилийн сар шинийн барилдааны дөрвийн даваанд улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Батмөнхтэй барилдах үеэр гутлын өлмий дээр гишгэж мэх хийж унагасан тохиолдолд дахин барилдуулна гэсэн заалтын дагуу хөлийн цэц дахин барилдуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ үеэр хөлийн цэцийн шийдвэрээс татгалзаж тахимаа өгсөн. Ингээд “Төрт ёсны их баяр ёслолын үеэр бүдүүлэг үг хэлэх зэргээр олон нийтийн өмнө жудаггүй аашилсан учраас” барилдах эрхийг нь мөн хасч байсан байна.
Түүнчлэн мөн оны Ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын тавын даваанд улсын заан Б.Соронзонболд улсын аварга Г.Эрхэмбаяртай таарч барилдахдаа учраа бөхийнхөө нүүрийг хүчтэй нударч, бөхийн цээрийг ноцтой зөрчиж байжээ. Мөн энэ наадмаар улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Н.Адъяабат нар бас л жудаггүй үйлдэл гаргаж, наадамчин олныг бухимдуулж байсан түүх мартаагүй.
Харин 2014 оны модон морин жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд Улсын харцага Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргаж байсан удаатай.
“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн энэ мэтээр ард түмнээ хүндлэхгүй, зүлэг ногоон дэвжээн дээрээ ёс зүйгүй авирлаж буй бөхчүүдэд ногдуулдаг арга хэмжээг чангаруулж, тэдний хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай байгаа гэдгийг энд дахин өгүүлье.
Сэтгэгдэл (28)