Хилсээр ял эдэлж, шорондоо ял нэмүүлсээр 42 жилийг элээсэн Р.Цанжидын шүүх хурал өнөөдөр болж байна. Тэрбээр энэ хугацаанд хууль хяналтын байгууллагад гомдолтой яваа нэгэн. Тэгвэл түүнийг өмгөөлөгч Г.Батбаяр өмгөөлөхөөр болсон байна.
Өнгөрсөн удаад түүний шуух хурал нээлттэй болох байсан ч хаалттай болж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “команд” өгч, сэтгүүлчдийг хурлын ажиглагчаар оролцуулаагүй юм.
Р.Цанжид одоогоос 40 жилийн өмнө бусдын эд зүйлс хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн шалгагджээ. Гэвч хулгайч нь өөр хүн байж. Хэргийн эзнийг харин тэр үнэнээр мэдүүлээгүй гэдэг. Тэрээр эр хүний жудаг зааж явсаар хоёр жилийн ял сонсон шоронд оржээ.
Шоронд өнгөрүүлсэн 40 жил гэдэг бага хугацаа биш. Одоо нас сүүдэр нэгэнт 60 гарчээ. Монголд ийм олон жилийн турш шоронд амьдарсан хүн урьд нь хэд гарч байсныг мэдэх хүн олдсонгүй. Бараг үгүй болов уу. Тэр “дээд амжилт” тогтоож буй бололтой.
Р.Цанжидын хувьд нь “нохой”-н амьдарлаар шоронд “хатах”-ыг хүсээгүй ажээ. Дээрэлхүү хоригдлуудтай дээр дороо орон зодолдож ял нэмүүлдэг болсон байв. Хүн зодсон ялтан ялгүй салах гэж юу байхав.
Түүний шоронд өнгөрүүлсэн 40 жилийг энд бахархал болгох гэсэндээ ийнхүү өгүүлсэнгүй. Хэлсээр шоронд өдий олон жил болж буй хүн зан төлөвшлийн хувьд яаж өөрчлөгдөх нь дамжиггүй биз ээ.
Хамгийн сонирхолтой нь тэрбээр 2014 оны гуравдугаар сард шоронгоос суллагдахдаа G500 хөлөглөн гарч байсан гэдэг. Харин ганцхан сар наранд байгаад дахин хулгайн хэрэгт сэрдэгдэн өдгөө Цагдан хорих 461-д хүргэгдээд байгаа аж.
Тэгвэл өнөөдөр Р.Цанжидын шүүх хурал Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Ямар ч хамаатан садангүй, эхнэр хүүхэд ч байхгүй Р.Цанжидын өмгөөлөгчөөр ажиллах болсон Г.Батбаяраас шүүх хурлын талаар тодруулахад “Энэ хүн 1972 онд 18 настайдаа шоронд ороод өдгөө 60 нас хүрчихсэн байгаа юм. Ерөнхийдөө миний зүгээс гэм буруугүй хэлмэгдсэн гэж үзэж байгаа” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)