Монголын анхны “Алдарын од” шагналыг “Соёл-Эрдэнэ” хамтлагт гардуулан өгөв. Уг ёслол Соёлын Төв Өргөөний баруун хойд талд болсон бөгөөд тус хамтлагт зориулсан сүндэхлүүлсэн хөшөөний нээлт мөн энэ үеэр боллоо.
Уг ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон монголын рок попын үе үеийн төлөөлчид, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүд болон шүтэн бишрэгч нар нь оролцсон.
Ёслолын эхэнд Э.Бат-Үүл дарга “Өнөөдөр “Соёл-Эрдэнэ”-чүүддээ баяр хүргье. “Алдарын од” шагнал бөгөөд хамгийн анхныхыг нь “Соёл-Эрдэнэ” хамтлагт өгөхөөр шийдвэрлэсэн. Учир нь Монголын рок попын урлагт тус хамтлагийн оруулсан хувь нэмэр үнэлж барашгүй их. Иймд НИТХ-ын тэргүүлэгчид 100 хувь дэмжиж тус шагналыг олгохоор болсон. Мөн цаашид буюу жил бүрийн долоодугаар сарын 30-нд уг шагналаар Монгол соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруусан уран бүтээлчийг шагнаж байхаар шийдвэрлэсэн. Хэдийгээр гадны улс оронд “Алдарын од”-ыг газар бүтээдэгч бид Монгол уламжиллаа дээдээлж, Соёлын Төв Өргөөний гадна хананд тусгай тавцан зассан. Мөн өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, “Соёл-Эрдэнэ”-ийн долоон гишүүдийн энгэрт “Алдарын од”-ыг зүүж өгөхөөр боллоо. Энэ хамтлагийн гишүүдийн нэг МУГЖ Насантогтох өдгөө хөдөө орон нутагт явж байгаа гэсэн. Түүний шагналыг дараа нь хүлээлгэн өгнө” хэмээн баяртайгаар мэдээлэв.
Анхны “Алдарын од” шагналын эзэн болсон “Соёл Эрдэнэ” хамтлагийн гишүүн хөгжмийн зохиолч Б.Долгионтой уулзаж, түүний сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Өнөөдөр рок попынхон бид нарын хувьд маш сайхан тэмдэглэлт өдөр болж байна. Энэ бол бидний мөрөөдөл байсан. Уг мөрөөдлийг маань биелүүлж байгаа хотын удирдлагууддаа баярлалаа. Гадаад жуулчид манай улсад ирээд энэ улсад ийм ододын хөшөө байдаг юм байна, Монголын орчин цагийн хөгжим хөгжсөн байдаг юм байна гэж бодно. “Соёл-эрдэнэ” хамтлагийг монголын урлагийн их сургууль гэж болно. Өнөөдөр рок попод танигдсан,хамгийн олон фенүүдтэй уран бүтээлчид энэ хамтлагаар дамжсан байдаг. Орчин цагийн хөгжмийг Монгол Улсад хөгжүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Энэ утгаараа би тэндэнд хүндэтгэл үзүүлэхээр энд ирээд байна. Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг бол "Соёл-Эрдэнэ хамтлаг” юм хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан.
Харин Монголын эстрадын урлагийн анхдагчдын нэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Баяраа агсны хүү мөн хамтлагийн гишүүн Б.Хонгор мөн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байлаа.
Бяцхан хүүгээ дагуулан ирсэн түүний баярын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Маш их баяртай байна. “Соёл-Эрдэнэ” хамтлаг бол миний амьдрал, гэр бүлтэй салшгүй холбоотой. Энэ шагнал нүдээ оллоо гэж хэлмээр байна. “Соёл-Эрдэнэ” хамтлаг энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ ойтой давхцаад ийм шагнал гардаж авсанд чин сэтгэлээсээ баяртай байна.
Би ухаан орсон цагаасаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бэлтгэлийн өрөө, тайз, тайзны ард өссөн. Тийм учраас “Соёл-Эрдэнэ” хамтлаг миний амьдралын үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг. Анх зургаан настай байхдаа “Соёл-Эрдэнэ” хамтлагтайгаа Соёлын төв өргөөний тайзнаа гарч дуулж байсан. Тухайн үед “Хэрвээ би шидтэн бол”, “Зүүдний Чингис” зэрэг дууг дуулж байсан. Энэ бол мартагдашгүй сайхан дурсамжуудын нэг. Өнөөдрийг хүртэл “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхаа бүрэлдэхүүнд явдагтаа би маш их баяртай байдаг. Энэ хамтлагт байгаа хүмүүс бол миний гэр бүл гэсэн үг. Энэ сайхан гэр бүлийн үр хүүхэд, үргэлжлэл нь болоод явдагтаа маш их талархалтай байдаг” хэмээсэн.
Харин уг ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэд "Энэхүү шагнал үнэхээр нүдээ оллоо. "Соёл Эрдэнэ" хамтлагийн дууг мэддэггүй хүн гэж үгүй. Энэ хамтлаг үнэхээр цагийг эзэлсэн Монголчуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, зүрхэнд хоногшитол дуулдаг чадалтай сайхан хамтлаг юм. Энэхүү арга хэмжээ ч цаг үеэ олсон сайхан ажил боллоо" хэмээн сайшаацгааж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.
Сэтгэгдэл (6)